Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, нүүрсний хулгайн асуудалтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Үүний дараа Эрүүгийн Цагдаагийн Албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өнгөрсөн Баасан гарагт "Тавантолгой" компанид ажиллаж байсан хүмүүсийн ярьж байснаар 340,000 тонн нүүрс цаас шиг шатчихлаа гэх асуудлыг хөндсөн. Үүнийг Эрүүгийн Цагдаагийн газар яаж шийдсэн бэ. Шалгаж ирсэн үү. "Тавантолгой" компани дээр яг одоо эрүү үүсээд шалгагдаж ямар ямар хүмүүс байна вэ, нэрсийг нь зарлаж болох уу?

- "Тавантолгой" ХК дээр Бүрэн эрхт төлөөлөгч томилогдохоос өмнө ажлын хэсэг шалгаж байсан. 2020, 2021 онд "Тавантолгой" компани дээр очиж бичиг баримт хурааж, үзлэг нэгжлэг хийх ажлуудыг прокурорын зөвшөөрөлтэй хийж байсан.

Өмнө нь шалгагдаж байсан ихэнх гэмт хэрэг дээр хийгдсэн ажиллагаа, прокурорын зөвшөөрөлтэй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бичиг баримтаа хурааж авсан зүйлс нь байгаа. Зарим нэгийг нь аудитад өгөөд шалгуулж байна. 

Эдийн засгийн шинжээч томилоход их хугацаа орж байна. Эхлээд аудитын байгууллагаар, дараа нь шүүх шинжилгээний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчээр хийлгэнэ гэх мэт хугацаанууд их орж байгаа. Бид нар бол бичиг баримтуудаа авч ирээд эндээ шалгалтаа хийж байгаа. Сая очсон бүрэлдэхүүн маань нэмэлт ажил хийгдэх, дээрээс нь 2018 оноос хойших гэмт хэрэг байж болзошгүй үйлдлүүд дээрээ ажлын хэсгийн хүрээнд материалуудаа хурааж авах ажлууд бол хийгдэж байгаа.

- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид хэрэг үүсгэн шалгаж байгаа юу? 

- Та бүхэнд хэлсэнчлэн "Тавантолгой транс" гэдэг компанийн хувьцаа эзэмшигчид хэн бэ, ААН-үүдийнх нь нэрийг бол зарлачихсан. Дээрээс нь би одоо Тавантолгой компанитай гэрээ хийж байсан ААН, нүүрс худалдан авах болон тээврийн гэрээ хийж байсан ААН-үүдийг бүгдийг нь жагсаалтаар нь гаргаад өгчихнө. 

- Танай ажлын хэсэг жолооч нараас гээд үндсэндээ доороос нь эхлээд шалгаж байна шүү дээ. Нүүрс тээврийн ард төрийн өндөр албан тушаалтнууд буюу УИХ-ын гишүүн, дарга, сайд нар байгаа гэх мэдээлэл яваад байдаг. Шаардлагатай бол мөрдөн шалгах ажиллагааны явцад төрийн өндөр албан тушаалтнууд УИХ-ын гишүүдээс мэдээлэл авах уу. Авах бол та нарт хууль эрх зүйн хувьд ямар бэрхшээл гарах бол. Бүрэн эрх гэж байдаг шүү дээ?

- Энэ талаар хүндрэл учрахгүй. Яагаад гэвэл, албан тушаалтантай холбоотой хэргийг ажлын хэсэг шалгаж байх явцад албан тушаалтныг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч байцаана. Үүнд мөрдөн байцаах, тодруулах асуух зүйлсээ асуугаад явчихна. Хамтарсан ажлын хэсэг учраас бидэнд хүндрэл байхгүй.

Жишээлбэл, ямар компани хэр хэмжээний борлуулалт, тээврийн гэрээ хийсэн байна, тэр компанийн хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн байна уу, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан байна уу гэдгээс үл хамааран мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явна.

- Жишээ нь Д.Бат-Эрдэнэ гишүүнээс асууж, авч байсан уу?

- Авч байсан байх. 2019 онд авч байсан мөрдөн шалгах ажиллагаануудыг нь би сайн санахгүй байна. Ер нь аж ахуйн нэгжүүдийнх нь албан тушаалтнууд бүгдийг нь л байцаасан.

- 9,000 гаруй жолоочоос яг хэдийг нь байцаасан бэ?

- 2,450 жолооч.

- Үүний хэд нь монгол жолооч вэ?

- Бүгд монгол жолооч. Одоо Хятад жолооч нар гарч ирэхээр Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу хятад хэлний орчуулагч байлгаж байгаад мөрдөн байцаах ажил явагдана.

- Эрүүгийн Цагдаагийн алба хаагч нар нүүрснээс гадна уул уурхайн бусад түүхий эд, газрын тос гэх мэт экспортын бүтээгдэхүүнийг хянаж шалгаж байгаа асуудал бий юу?

- Эрүүгийн Цагдаагийн Алба 2017 оны долоон сарын 1-нээс мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг болсон.

Түүнээс өмнө буюу 2002 онд гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бол эрүүгийн цагдаагийн алба нь мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй байсан. Хуулийнхаа өөрчлөлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Бид прокурорын байгууллагын А33 тушаал буюу хэргийн харьяаллыг тогтоож өгсөн тушаалын дагуу манай харьяаллын хэргүүдийг бид нар бүгдийг нь шалгана. Гэхдээ уул уурхайн хэргийг прокурорын харьяалал тогтоохоор голдуу Экологийн Цагдаагийн Алба шалгаж байгаа.