Нүүрсний хулгайн асуудал бүр өндрөө авлаа. Тэгэхээс аргагүйд хүрсэн хэрэг. Нийслэлийн төв талбайд арав хоногийн өмнө эхэлсэн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж бүр суултдаа хүрээд байна. Тэдний шаардлагын гол нь “нүүрсний хулгайч нарын нэрсийг зарла”, “хариуцлага тооц” гэж байгаа юм билээ. 

 

 

Нэгэнт л нүүрс хулгайлсан томоохон бүлэглэл байгаа нь ил болов. Тэд сүүлийн 10 гаруй жил, улс орны, ард түмний баялагаас хулгай хийж завшсан гэдэг нь алхам алхмаар нотлогдох тийшээ хандаж байна. Жагсаал, цуглааны үр дүн гарч байгаа нь ч тэр болов уу. Өмнийн говийг чиглэсэн шалгалтын цуваа уртассаар , Засгийн газар ч “түргэн авч” хэд хэдэн удаа ээлжит бусаар хуралдаж зарим шийдэлд хүрэв.

 

 

Өнөөдрийн байдлаар 340 мянган тонн буюу 40 орчим их наядаар үнэлэгдэх нүүрс алдагджээ гэж байна. Энэ тоог наашаа, цаашаа болгож ярих нь ч бий. Гэвч ямартай ч нүүрсний хулгай байна гэдэг нэг үнэнд хүрч байх шиг. Уг нь энэ тухай хэдэн жилийн өмнө анзаарагдах боломж байсан. Даанч тэгж чадсангүй нь алдаа байсныг одоо л ухаарч эрх мэдэлтэн нь сандарч, хэлтэй амтай нь үгээ хэлж байна л даа. Иймээс нэгэн бодол төрөх нь нүүрсний хулгай гараад байгаа тухайд өнөө бий болсон хэлээр бол бүр эрт шүгэл үлээгдсэн юм шүү дээ. Энэ тухай өөрийн сониныхоо нийтлэлд түшиглэж хэлэхэд “10ая долларын хахууль авсан сайд хэн бэ” гэсэн асуудал хөндөгдсөн. Үүнийг Засгийн газрынхан би юу, чи юу гэсхийгээд өнгөрөөсөн байдаг.

 

 

Бас нэг шүгэл үлээгчээр 2018 онд УИХ-ын гишүүн асан Л.Энхболд тодорсон тухай мөн нийтэлж байлаа. Тэр анх “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас орон нутгийн өмчит “Тавантолгой” компани бүхэл бүтэн мөргөцгийг ухаж 268 мянган тонн нүүрсийг нэг сарын дотор хил давуулсан юм шиг байна гэж хууль хяналтын байгууллагад хандсан юм. Тухайн үед УИХ-аас 10 гаруй агентлаг, байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж газар дээр нь шалгалт хийсэн ч үр дүнд хүрээгүй. Уг нь 268 мянган тонн ч биш 340 мянган тонн нүүрс алдагдаж гэдэг нь гаалийн шалгалтаар батлагдсан юм билээ. Энэ тухай манай сонин өнгөрсөн хавар “Нүүрсэн мөргөцөг хулгайлсан хэргийг нам даржээ” гэсэн гарчигтайгаар нийтэлж олны сонорт хүргэсэн юм. 

 

Л.Энхболд саяхан ярихдаа хүртэл олон сая тонн нүүрс хулгайгаар хил давуулсан байж болзошгүй гэж тэр үед намайг хэлэхэд гааль, хяналтынхан “Үгүй ээ. Тийм юм огт байхгүй.  Хилээр гулууз мах, ганц тэвнэ ч гарах боломжгүй" гэцгээж байсан гэнэлээ.

 

Энэ бүхэн чанга дуулдахуйц шүгэл байлаа. Гэтэл Засгийн газар ч нэг их хөдөлсөнгүй. “Эрдэнэс тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 

 

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиглалтын зөвшөөрөлтэй талбайгаас нүүрс олборлосон, хулгайлсан явдал байхгүй ээ. Харин уурхайн технологийн бага зэрэг алдаанд манай талбай өртсөн тал бий гэх. Энэ тухайд хоёр тал актаар тохиролцсон гэх тайлбарт автаад л чимээгүй болох шахсан.

Харин өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай байсаар ирсэн тухай сэргээн мэдээлсэн бий. Үүнээс хойш хяналт шалгалт ч эрчимжсэн. Үр дүнд нь нүүрсний хулгайн томоохон бүлэглэл байгаа нь илэрсэн.

Гагцхүү тэр хулгайлагчид хэн бэ гэдгийг хэлэх л үлдсэн. Энэ үндсэн дээр өнөөгийн жагсаал цуглаан нэхэл хатуутайхан болж байна. Эндээс нэг анзаарагдсан юм юу вэ гэвэл төр, засгаас нүүрсний хулгайн асуудлыг мэдсээр байж удаан хугацаанд нуун далдалж ирсэн юм биш биз гэсэн хардлага төрж байна.

 

 

Иймээс аль 2011,2012 оноос хойш ужгирсан нүүрсний хулгай байсаар байхад “хянаж байна, шалгаж байна” гэсээр өдий хүрсэн нь хаашаа юм бэ гэж асуумаар санагдав. Ерөнхий сайдын мэдээллээс хойш харин ахиц гарсныг хэлэх хэрэгтэй байх. Улс орон маань хэцүүдлээ “Төрд хулайч нар орогнох ёсгүй”, Нүүрсний хулгайч нарыг илчил”, “Нэр устай нь зарла”, “Монголын ирээдүй бүрхэг байна” гэж жагсагчид хашгирч байна. Буруу ч юм биш. Гэхдээ органик байдлаар гарч ирсэн жагсаалын утга санааг алдагдуулах, өөрсдийн эрх ашигт нийцүүлэхийг оролдогч бүлэглэл байгаа нь илт байгаа.

 

 

Гэвч үүгээр жагсагчдын зорилгыг бүрхэгдүүлж болохгүй л дээ. Тиймээс жагсагчдын шаардлагыг хангахын тулд Засгийн газар улам шуурхай, зөв ажиллах шаардлага бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд нэг сайн тал нь нэг юмны учиг үзүүрээс атгаад авсан л бол тавихгүй байж чадаж үр дүнг үздэгт байгаа юм.

 

 

нүүрсний хулгайн хэрэгт ч тэгж хандах бололтой байна. Харин түүнийг Монголын толгой баячууд оролцсон том бүлэглэлийн өмнө алсдаа ганцаардаж магадгүй гэж хэлэх хүн цөөнгүй тааралдаж байна лээ. Ер нь дэлхий даяарчлагдахын хэрээр үндэстэн дамнасан гэмт хэрэг цөөнгүй гарах болсны нэг нь энэ нүүрсний хулгай болж байна. Нөгөөтэйгүүр Монголын улстөрчид, хууль сахиулагчдын зарим хэсэг эх орондоо төдийгүй гадаад улсад эд мөрийн баримтыг будилуулах, хөрөнгө мөнгө царцаах ажиллагаа хэлээд хийх болсон. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгай болоод түүний бүрэлдэхүүн авлигын гэмт хэрэг нэгээхэн хэсэг нь. Монголчууд бид эндээ л нүүрсний хулгай гэж бужигнаж байна. Гэтэл урд хөршид энэ асуудал яригддагаа яригдаад, хэлэлцдэгээ хэлэлцэгдээд буруутнаа илрүүлээд шүүчихсэн дуулдах юм.Хэн нэгнийг цаазалсан тухай мэдээ ч цацагдсан. Тэр үнэн бол бид үнэхээр оройтсон шиг байна. Гэхдээ хожимдсон гэж болохгүй ээ. Хоёр Тавантолгойд онц байдал тогтоон Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгчдийг томилоод байгаа. Энэ нь цаашид нүүрсний хулгай гаргахгүй байхын эхлэл байх. “Таван толгой төмөр зам” компанид ч мөн онц байдал тогтоосон байна.

 

Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н үе үеийн удирдах нөхөд тэдний хамсаатан байж болох албаны хүмүүсийг хориод нүүрсээр халаасаа зузаалсан эсэхийг шалгаж байна. Заримынх нь үйлдлийг зөвхөн өмнөд хөршөөр тогтохгүй гурав дахь улс орноос нотлох баримт авч шалгах хэмжээнд хүрчихээд байгаа юм билээ. Үүний нэг баримт нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хэлсэн нүүрсний хулгайд сэжиглэгдэж болох нэг этгээд Казахстанд бүхэл бүтэн хороолол барьж байна гэсэн мэдээлэл.

 

Үүнийг шалгах л үлдлээ. Нөгөө талаар экспортын нүүрс гаргах явцад 32 мянга гаруй удаагийн давтамжтайгаар нүүрс тээврийн машин хилээр хоосон гарсан гэх мэдээ бий. Бас Монголын хилээр гарсан нүүрсний хэмжээ Хятадын гаалийн мэдээтэй хол зөрж буй нь ил болоод байгаа. Гагцхүү энэ тал дээр Хятадын талын туслалцаа шаардлагатайг хууль, хяналтынхан хэлж байна. Энд цаг хугацаа нэлээд шаардагдах л бололтой. Харин нүүрсний хулгайч хэн байв гэдгийг олоод нэрийг зарлачихад гадны тусламж нэг их хэрэгтэй биш биз.

 

Бас “Эрдэнэс-Тавантолгой” компани бусадтай хэдэн их наядаар хэмжигдэх оффтейк нэртэй олон нууц гэрээтэй байсан тухай яригдаж байна. Энэ нь шинэ юм бишээ. Нууцын зэрэглэлтэй тийм гэрээ хэзээ бий болсон бэ гэдгийг сануулбал 2011 онд Сү.Батболдын Засгийн газраас эхлэлтэй юм билээ. 

 

"Эрдэнэс-Тавантолгой", Оюу толгой, Эрдэнэтийн үйл ажиллагаанд түшиглэн ийм гэрээг анх хийж “Чалко”-гоос 800 сая ам.долларын зээл авсан байдаг. Саяхан Засгийн газраас тийм нэршилтэй есөн гэрээг нууцаас гаргалаа гэж зарласан. Тэдгээрийн дийлэнх нь 2022 оны гэрээ байгаа гэх. Иймд эдгээрийг нууцаас гаргаснаар урьд өмнө нь гарсан нүүрсний хулгайн асуудлыг илчлэхэд тийм их нөлөөгүй байж мэдэх ч нүүрсний хулгайчийг холоос биш ойроос эрэхэд тус болох л болов уу. Олон нийтийн санааг зовоож буй нэг юм нь нүүрс хулгайлсан асуудлыг олон тийш нь савчуулж байгаад бүрхэгдүүлчихвий гэсэн санаа.

 

Ямартай ч 942 мянган тонн нүүрс тооцооноос илүү экспортлосон болохыг тогтоогоод байна. Энэ тоо яаж гарсан бэ? гэх юм бол богинохон хугацаанд мөрдөн шалгах ажлын явцад 2013-2017 оны хооронд Гашуунсухайтын боомтоор 296 компанийн 7373 машин хоосон гарсан нь нотлогджээ. Эдгээр компанийн 19 нь Монголынх, 27 нь БНХАУ-ын аж ахуйн нэгж байв. Тэгвэл өнөөгийн байдлаар зөвхөн 46 компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд тэр 942 мянган тонн нүүрс илүү экспортложээ гэж гараад байна.

 

Энэ нь шуудхан хэлэхэд тийм хэмжээний нүүрс хулгайлагджээ гэсэн үг. Цаашид шалгагдах компанийн тоо нэмэгдэх тусмаа хулгайн нүүрсний хэмжээ өсч таарна. Ингэхлээр хэвлэл мэдээллийнхнийг намнах, ард иргэдийн нүд чихийг хаахыг оролддог цаг нэгэнт өнгөрсөөн. Гагцхүү нүүрсний хулгайн асуудлыг бүрэн цэгцэлж жагсагчдын болон иргэдийн шаардаж буй тэр их нүүрсийг хэн хэн хулгайлав гэдгийг баттай илчилж нэр, нүүрийг улайтал зарлаж ямар л тохирсон ял, хариуцлага байдаг юм оноох л хэрэгтэй байна. Хамгийн нэг санаа зовох юм Монгол Улсын нэр хүнд, сүр сүлд нүүрсний хулгайч нараас болж асар их унаж байгаа юм. Гадаадын  хэвлэл мэдээлэл, сайтуудад Монголд 120 сая ам доллартай тэнцэх нүүрсний хулгай дэгдсэнээс болж монголчууд төрийн ордон руугаа дайрч байна. Монголын парламентад нүүрлэсэн нүүрсний мафи ил болов гэсэн мэдээллүүд гарч шуугиан тарьж байна. Ингэж эх орны минь нэр төр хайран боллоо гэдэг нь дэлхийн шившиг юм даа.

 

Нүүрсний хулгайч нар улс орныхоо нэр төрийг  тэнгэр, газрын завсарт бүрэн гутаалаа шүү дээ.

 

Тиймийн учир нүүрсний хулгайч нарыг илрүүлж нэрийг нь зарласны дараа ял зэм оноохын дээр улс орныхоо нэр төрийг балласан хэрэгт нь бас давхар хариуцлага  тооцох л хэрэгтэй болно байх.  Хар нүүрсний улаан хэрүүл ёстой л түймэр шиг асч байна даа. 

 

 

 

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин