Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож бууруулах, урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулах талаарх асуудлыг өнөөдрийн ЗГ-ын хурлаар хэлэлцсэн.

Гэвч Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооныхон уг асуудалд төдийлөн дорвитой шийдэл гаргахгүй байсан тул Шадар сайд С.Амарсайхан бухимдаж, удирдлагуудыг нь арилжааны банкуудтай эрх ашгийн зөрчилтэй гэж үзэн АТГ-д өөрийн биеэр өгч шалгуулна гэдгээ мэдэгджээ.

Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан: 

Банк санхүү, эдийн засгийн салбарын амь тасардаггүй алуурчид айдасгүй байна.Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн, хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфльяци, төгрөгийн ханшийг барьж чадалгүй алдсан МБ-ны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой.

Албан тушаалтнууд журам өөрчилж, хууль зөрчиж байгаад ядарсан иргэдийнхээ төлсөн зээлийн эргэн төлөлтөөс 400 тэрбум төгрөг хулгайлж, завшчихаад чимээгүй яваад байж болоод байдаг.

Гэтэл нөгөө талд нь хэдэн үеээ барьцаалж арай хийн байртай болчихоод дээр нь хуруу хумсаа хугаслан, өдөр шөнөгүй зүтгэж олсон хэдээ ипотекийн зээлийн төлбөрт сар бүр төлдөг ч багагүй хувь нь хулгайн сүлжээг тэжээдэг.

Зээл хүүгээ төлөөд, дээр нь өлсөж даарахгүйхэн өдөр хоногийг өнгөрөөх гэж хичээж байгаа иргэдийнхээ зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, дээрэмдүүлсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар тэрийж хэвтдэг цайрчихсан байж болохгүй юм.

Үүний цаана орон сууцтай болох хүсэл мөрөөдөл дүүрэн мянга мянган залуу гэр бүлийн хувь заяа бас бий. 

Хийсэн хулгай, дээрмээсээ айдаггүй, хуулиас ч эмээдэггүй, ард түмний хэтэвчээс эхлээд айл өрхийн данс, аж ахуйн нэгжийн бизнес, улс орны сан хөмрөгт хүртэл шуналын савраа дүрсэн дээрэмчдийн мэргэшсэн сүлжээг ил гаргаж, нэг мөр цэвэрлэж байж Засгийн газрын авилгатай тэмцэх, нийгэмд эрх тэгш, шударга ёсийг тогтоох бодлого бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.