Монголын агаарын тээврийн Eznis Airways компани БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд цэргийн зориулалттай 50 тонн ачаа тээвэрлэсэнд сэжиглэгдэж буй тухай Aviation Source News сайтад мэдээлжээ.

Энэ шалтгааны улмаас тус компанийн эзэмшлийн JU-1332 бүртгэлтэй Airbus A330 нисэх онгоц одоо Улаанбаатар хотод газардаад шалгагдаж байгаа гэнэ.

Арваннэгдүгээр сарын 9-нөөс эхлэн Eznis Airways компанийн үйлчилгээнд ашиглагдаж эхэлсэн Airbus A330 нисэх онгоц Сөүл хотын чиглэлд ачаа тээвэрлэдэг байжээ. Харин арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гэнэт чиглэлээ өөрчилж, Бээжингийн ойролцоо газардсан болохыг эх сурвалж мэдээлсэн байна.

Бид энэ тухай холбогдох албаны эх сурвалжаас тодруулах болно.

 

Эх сурвалж: Aviation Source News

 

Энэ талаар "Eznis Airways" ХХК-ийн захирал Д.Оюундэлгэрээс тодруулахад "Манай компани ОХУ руу ачаа тээврийн нислэг хийгээгүй. Гадаадын веб сайтад нийтлэгдсэн уг мэдээлэл нь манай компанийн бизнесийн нэр хүндэд халдах зорилго, зохион байгуулалттай арга хэмжээ гэж харж байна.

Нэрээ нууцалсан хүний өгсөн мэдээллийн дагуу гэж байгаа. Олон улсад агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж буй бүх компани хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг. Олон улсад нислэг хийгдэх даатгалынхаа зөвшөөрөгдсөн хэм хэмжээний хүрээнд нислэг үйлддэг.

Тиймээс ямар ч ор үндэсгүй худал мэдээлэл түгээсэн байна. Гадаадын сайтад Монголын агаарын тээврийн компани зэвсэг тээвэрлэх гэж байна хэмээн бичсэн байсан. Ямар юмныхаа зэвсэг байхав дээ. Ийм зүйл байхгүй, үндэслэлгүй мэдээлэл. Түүнчлэн цэргийн зориулалттай 50 тонн ачаа гэж бичсэн байсан, ийм юм байхгүй. Энэ бол бизнесийн нэр хүндэд халдах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа. 

Цөөн хэдэн авиа компаниудыг маань гадаадын сайтууд янз бүрээр бичээд байвал Монгол Улсад муухай. Бид удахгүй энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргана. Үндэслэлгүй мэдээлэл гаргасан тухайн байгууллагыг шүүхэд өгнө" хэмээн тайлбар өгөв.