Сүүлчийн хонхны баярын минь энэ дуу

Салан одох гунигийн дуу ч юм уу даа

Эргээд уулзах итгэлийн дуу

Сэтгэлийн дуу юм даа... хэмээн нэгэн цагт охид, залуусыг хуйлруулж явсан дуучин бол МУГЖ Ч.Бат-Эрдэнэ. Зохиолын дууны алтан үе хэмээн нэрийддэг 2000 оны эхээр од болон гялалзаж, нийтийн дууны хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Э.Оюумаатай хамтран олон гайхалтай дууг үзэгчдийн сонорт хүргэж байсан ч нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрч, бизнес болон хувийн амьдралдаа анхаарах болсон билээ.

2009 оноос хойш хаа нэгхэн том хэмжээний тоглолтод гарч ирэн уран бүтээлээ хүргэж, эсрэгээрээ залуу уран бүтээлчдийг гаргаж ирэх, шинэ уран бүтээл гаргахад нь туслах, тоглолтыг нь зохион байгуулах зэрэг нэр төртэй ажилд зүтгэж явжээ. Мөн СУИС-д багшилж, соёлын салбараараа төрийн албан ажиллаж, докторын зэрэг хамгаалаад завгүй байлаа, тэр. Тэгвэл саяхан ТВ5 телевизийн 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод ая дуугаа өргөөд дараагийн тоглолт руугаа яарсаар гарч одсон гавьяатын араас үзэгчид нижигнэтэл алга ташиж, уухайлж байсан нь түүнийг тайз нь болоод дуунд дуртай ард түмэн нь ямар их санасныг илтгэх биз ээ.

Дуулсан дуу бүхнээрээ ард түмэндээ хайрлагдаж, дуулсан бүтээлээрээ 20 гаруй жил нэрлэгдэн амьдарч яваа гавьяат маань сонсогч фэнүүдэдээ нэгэн гайхалтай мэдээг дуулгав. Тэр тун удахгүй бие даасан уран бүтээлийн тоглолтоор үзэгчидтэйгээ уулзах нь ээ. Энэ нь түүний зургаа дахь бие даасан тоглолт. 2009 оноос хойш 13 жилийн дараа тайзнаа эргэн ирж буй гайхалтай агшин юм.

"Хонхны нулимс", "Хайрын хишиг", "Хайрыг хүндэлж яваарай", "Үр минь Хүү минь", "Гэгээн хайр" зэрэг хайрын “Best hits” дуунууд 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр “Улаанбаатар плас”-ын концертын их танхимд Ч.Бат-Эрдэний хоолойгоор дахин нэг удаа эгшиглэх нь ээ. Тоглолтод нэгэн цагт хамтран дуулж явсан уран бүтээлийн анд Э.Оюумаа оролцох эсэх нь сюрприз болоод байгаа юм. 

Тоглолт болоход ердөө дөрөвхөн өдрийн хугацаа үлдсэн бөгөөд үзэгч та “Хонхны нулимс”-нд дахин нэг уярч, оюутан насаа эргэн дурсахыг хүсвэл “Улаанбаатар плас”-ын билетийн касс болон 9999 8801, 9800 3333, 8669 9999 дугаарт залган хүргүүлэн аваарай. Харин цахим тасалбарыг https://ticket.mn/event/1434/ хаягаар хүргүүлэн авч болох аж.