УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Ерөнхийлөгчийг их хурлаас сонгох асуудлыг бүлгээр хэлэлцсэн үү?

Д.Тогтохсүрэн: Сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхийн төлөө манай намын гишүүд санал нэг байгаа. Нэгдүгээр сарын 4-нд эрдэм шинжилгээний хурал, 11-нд Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалт зохион байгуулна.

Мөн хоёрдугаар сарын дундуур зөвлөлдөх санал асуулга явуулна. Ингэснээр өнөөгийн нийгмийн бухимдал, гарц шийдэл юу байна вэ гэдгийг иргэдээс сонсох боломжтой.

Үүний үндсэн дээр парламентын тогтолцоог өөрчлөх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Олон түмний л дэмжлэг байвал бид Үндсэн хуулиа өөрчилнө гэдгийг намын дарга ч хэлсэн.

Д.Амарбаясгалан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт удаа дараа хөндөгдөж байгааг олон нийт гайхаж байгаа. 1992 онд Ардчилсан үндсэн хууль баталсан үе өнөөгийн нөхцөл байдал хоорондоо асар ялгаатай.

Өөрөөр хэлбэл, тухайн үеийн хуулийн шаардлага өнөөгийн хуулийн хэрэгцээнд тохирохгүй зүйл олон болсон гэсэн үг.

Иймд нийгмийн шаардлага, захиалга байгаа гэж үзвэл Үндсэн хуулиа өөрчлөхөд бид дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ингэхдээ бусад улс төрийн нам, ард иргэдийн хамтаар хэлэлцэн шийдвэр гаргана.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан. Үүнийг бүлгийн хуралдаанаар хөндсөн үү?

Д.Тогтохсүрэн: Хуулийн талаарх зөрүүтэй зарим ойлголтыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ долоо хоногт тус хуулийг УИХ-аар хэлэлцэж, хурдан батлах шаардлагатай гэж үзсэн.

Ингэснээр банкны зээлийн хүү буурах, гаднаас олон талын зээлийн эх үүсвэрүүд орж ирэх нөхцөл бүрдэнэ.

-Үнийн өсөлтийн эсрэг ямар шийдвэрийг шинээр авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн бэ?

Д.Тогтохсүрэн: Үнийг тогтворжуулахын тулд тодорхой арга хэмжээ авсан. Тухайлбал, АИ92 шатахууны үнийг одоо 2,400 төгрөгт барьж байгаа.

Хэрэв энэ арга хэмжээг аваагүй бол бодит үнэ нь 1,100 төгрөгөөр нэмэгдэж, 3,500 болох байсан. Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэгт гаалийн татварын үнийг тэглэсэн.

Хамгийн түрүүнд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа нээх нь чухал болоод байна. Хоёрдугаар сарын 9-нд БНХАУ агаарын хилээ нээхээр болсон.

Цагаан сарын үеэр зарим боомтыг нээх асуудлыг талууд ярилцаж байна. Ингэснээр импортоос шалтгаалсан үнийн өсөлт буурах боломжтой.

-Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих 100 сая ам.долларын зээлийг дэмжсэн. Энэ зээл юунд зарцуулагдах вэ?

Д.Тогтохсүрэн: Бид улсын төсвийг 2.3-5.4 хувиар алдагдалтай батлаад байгаа. Тиймээс төсвийн алдагдлыг нөхөхийн тулд бага хүүтэй тус зээлийг авахыг дэмжсэн.

Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банкнаас авч байгаа төсвийн зээл харьцангуй бага хүүтэй байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн сайд хэлнэ.