Монгол Улс и-спортын төрлөөр дэлхийд 58 дугаар байрт жагсаж байна. 

Манай тамирчид 2015 оноос хойш и-спортын олон улсын шинж чанартай албан ёсны тэмцээнээс нийт 1.8 сая ам.доллар буюу 6.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг олсон хэмээн esportsearnings.com-д мэдээлжээ. Үүний 50 гаруй хувийг өнгөрсөн 2022 оны тэмцээн уралдаанаас олсон байна.

Тухайлбал,

1.PUBGM  3.4 тэрбум төгрөг    
2.CS&GO 2.07 тэрбум төгрөг 
3.DOTA 629 сая төгрөг
4.VALORANT 48 сая төгрөг
5.CALL OF DUTY: MOBILE 22 сая төгрөг

Дээрх мөнгөн дүнд сурталчилгаа, ивээн тэтгэлэг зэрэг бусад орлогын эх үүсвэрүүдийг оруулаагүй, зөвхөн 279 тэмцээн уралдаанаас олсон шагнал урамшууллыг оруулсан юм. Мөн нийт орлогын 55 гаруй хувийг зөвхөн гар утасны тоглоомоос олжээ. 

Монгол Улсын тамирчид 2020 оноос хойш PUBGM тоглоомын төрөлд 3.4 тэрбум төгрөгийг олоод байна.

Монголын STALWARTESPORTS баг PUBGM тоглоомын дэлхийн чансааг тэргүүлдэг. Тус багийн тоглогч "ACTION" буюу Г.Сүхбат хоёр жилийн хугацаанд 559,516,000 сая төгрөгийг олжээ. Ингэснээр Монголдоо хамгийн өндөр орлого олсон тамирчнаар нэрлэгдэж байгааг esportsearnings.com-оос харж болохоор байна.

Мөн 2020 онд ZEUSESPORTS  буюу одоогийн IHCESPORTS баг дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж байсан юм. Үүнээс хойш Монгол багууд Ази тивд тасралтгүй тэргүүлсээр буйг дээрх сайтад мэдээлжээ.

Одоогоор манай улс и-спортын мэргэжлийн 97 тамирчинтай бөгөөд дундаж нас нь 21-23 байна. И-Спортын тамирчин 16 наснаас эхлэн тэмцээнд оролцох эрхтэй байдаг.