“Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын бүтээл “Миний хайр” романтик уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Найруулагч Ц.Золжаргалын бүтээл уг кино энэ сарын 16-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа.

Кино зохиолыг найруулагч Ц.Золжаргал, кино зохиолч А.Миеэгомбо нар хамтран бичиж  зураглаачаар Ц.Золзаяа, Г.Даваажаргал нар ажиллажээ.

“Миний хайр” романтик киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Мөнхтөр, Б.Баярмаа, Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, Ш.Жавхлан, Ж.Мөнхзул, Э.Ууганбаяр, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар тогложээ.

“Single Ladies”-ийг хамтран хийсэн “Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын шинэ уран бүтээл “Миний хайр” кино шинэ хайрын түүхийг удахгүй хүлээн авч үзэх нь ээ.

Гэр бүлийн амьдрал хайрт хосоос олон зүйлийг шаарддаг. Хүслэн, Заяа хоёр шиг гэрлээд удаагүй бол үл ойлголцол бүр ч их. Нэгэн удаагийн ялимгүй маргаанаас болж тэд хэрэлдэж, улмаар гэрээсээ явцгаан хэсэг хугацааг дотны найзуудынхаа зөвлөснөөр өнгөрүүлцгээнэ. Үүнд ганц бие найзууд нь болох Анужин, Хонгороо, Идэрээ, Жавхлан нараас гадна 10 жилийн өмнөх дурлал болох Даваа, Онон нар татагдан орсноор байдал улам бүр ярвигтай болж эхэлнэ. Хамгийн харамсалтай нь тусдаа байсан энэ өдөр хоногууд тэдний сэтгэлийн зовлонг улам бүр сэдрүүлэхээр барахгүй эцэстээ салалтаар дуусах нь тодорхой болох тэр үед тэдний эцэг эхчүүд хөндлөнгөөс орж ирснээр кино улам бүр сонирхолтой өрнөж эхэлнэ. Тэд салах болов уу, яах бол? гэсэн тайлалыг тус киноноос хүлээн авч үзээрэй.