Монголчууд бид өнөөдөр хэнийгээ дагаж хуйлраад. Хэнд итгэж амьдраад байгаа юм бэ? Миний таны үр хүүхэд ямар хүмүүсийн дунд амьдрах вэ? Нүцгэлэх шалдлах, талбай дээр орилох, сошиалаар лайв хийж хараал урсган салбаганах, хэн нэгэн рүү шүлсээ үсчүүлэн дайрахыг эх оронч гэж ойлгох уу?.    

 Зурагттайгаа хэрэлдэх, салаавчтай зургаар давлагаалах. Нүүр номын зургаа харлуулах. Энэ бүх тэнэглэлийг Эх оронч үйлдэл гэх үү дээ тэгээд? Эхнэрээ төрж байхад бичлэг хийгээд зогсож байх эрээгүй үйлдлийг үү. Маргааш аав ээжийнхээ амьсгал хурааж байхад бичлэг хийгээд зогсох вий дээ! Энэ хүйтэн цуст хүмүүс! Ойрхон л байна шүү дээ бурхан минь!

 

   Эхнэрээ яргалаад эцгийн үхэл, үрийнхээ өвчнөөр улс төр хийж элийрч зогсоо ийм хүмүүсийг бид дагах итгэх ёстой юу? Эх орноо муучлан харийн улсаас орогнол хүссэн хэдэн зуун хүнийг бид мэднэ. Эх оронч тэмцэгчийн этгээд амьдрал. Энэ нь зөв өө,  эхнэр нь хохь нь гээд шаагилдан шагших олныг яах вэ? Тэдэн дунд ихэнх нь эмэгтэйчүүд байгааг юу гэж ойлгох уу? 

    

  Яадаг юм бэ Хятадуудаар шалгуулъя л даа. Хятадын хуулиар Монголын асуудлыг шийдүүлье л дээ гээд  орилж  байгааг анзаарахгүй өнгөрч чадахгүй нь. Бээжингээс хууль цааз хамаардаг 100-н жилийн өмнөх манж амбаны ноёрхол шиг юм яриад салбадайлан  зогсох залуусаас айж байна үнэн дээ. Ийм хэмжээнд Монгол төрөө үгүйсгэх хүртэл  Монголын хууль цаазыг хүчгүйдүүлсэн өмнөх үеийн улс төрчдийн бүтээсэн нийгэм энэ. Энэ бүхнийг түгээн дэлгэрүүлж хөөргөн хөөсрүүлж ирсэн ардчилсан нийгмийн чөлөөт гэх шүүлтүүргүй, цензургүй үе үеийн эрээ цээргүй, ёс зүйгүй сэтгүүл зүйд ч гутан гутарч байна. Өнөөдөр Монголын нийгмийн эмгэг архагшиж. Ард олны ёс зүй, ухамсрын байж болох хамгийн доод түвшиндээ очиж байгааг хаа хаанаа анхаараасай.

 

 ҮНСЭЛЦЭН ҮХЭЛДЭХ САЙДЫН СУУДАЛ

 

   Үлгэрлэх ёс суртахууны манлайллыг олж харах цаг нэгэнт өнгөрчээ. Албан тушаалд шунаглан зүтгэх төрийн дээд албатуудын гутамшигт илэрхийллийг саяхан УИХ-ын танхимаас олж харав. 

  Нэг хэсэг нь сайдын албанд очиж байгаа ухаатай шиг юм даг уу даа. Гэтэл тачаадан тэмүүлсэн суудлаа эзэлсэн ёс суртахууны доройтлын тэсрэлт нь нэг нэгнээ үнсэн озож, долоон нялуурах үйлдлээр илэрч байх юм. Ямар их шунал тэмүүлэл. Яасан их эрээ цээргүй сэтгэлийн хөдөлгөөн бэ? Ингэж тэнэгтэлээ барьж дийлэхгүй сонгогдсон сайдтангууд энэ улсад бүтээж гийгүүлэх нь их л эргэлзээтэй!

 

 Даанч дээ та минь нөгөө төрийн төлөөлөл, ард түмний сонгосон гишүүд нь шүү дээ. Нөгөө манлайлал болгож харж явах ёстой хүмүүс нь ш дээ бурхан минь. Ер нь маанаг үгс тэнэглэл эдний дундаас илрэх нь дэндүү их болсон. Магадгүй олны өмнө ил болохоор тэгдэг ч биз. Тэгэхдээ энэ тэнэгүүд олны өмнө хэлэх үг цэгцтэй, авч явах бие эгц байх  ёстойгоо даан ч нэг мэдэхгүй нь гутамшиг.

   Хотын дундуур усан зам тавина. Украйны дайн, ковидыг зогсоохгүй учраас нийгэм бухимдалтай байна. Бурханы хөшөө барина, дүүжин зам тавина. Үгүй ер элдэв эсээр элийрч ярина. Улсын хилээ шалгах, тор багана сэргээх тухайгаа ч зөвөөр ойлгуулж чадахгүй. Буруу ойлголт өгч иргэдийг бухимдуулна. Алдаж хэлсэн үгнийхээ араас залруулга хийж балайрна.

 

    Бэлгийн хүчирхийлэл, бөгс бөөр, гэр бүлийн хэрүүлээрээ толгой сенсац үүсгэнэ. За тэр хулгай луйврыг чинь энэ удаа дурсахгүй би шүүгч, мөрдөгч биш учраас тэр. Харин нүднээ ил хувь хүний манлайлал талаас та нараас хүлээсэн хүлээлтийг та нар үлээж орхилоо.  Нийгмийн манлайлал байх үүрэгтэй УИХ-ын гишүүд нь олны доог тохуу болсон ийм ичгүүртэй байхад энэ улсад ёс зүйн дэвшил, иргэний хөгжил ярих даанч эрт ажээ.

 

БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

 

.   Ерөнхийлөгч Ерөнхий сайдаа зодож гэнэ ээ гээд цуурдаг түүнд нь итгээд явчихдаг бүтэн бүлэг хүн сүрэг, Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчөөсөө жирэмсэн болжээ гэвэл итгээд л хэрэлдэхэд бэлэн байна ш дээ. Орос эсвэл Хятадтай дайтъя гэвэл авгай нар нь хогийн шүүрээ барьж, айлын эзэд архины шилээ шүүрээд тэнэгээ гайхуулаад зогсож байхаасаа сийхгүй болчхоод байгаа. Ийм мулгуу итгэгчид, цээж эх орончдын мунхаг өрөвдөлтэй арми хэдэн зуун мянгаараа байна. 

 

  Зурагтаар нь шоу, сугалаа, бөөгийн төлөг, ламын зурхай, улны кино сериал цувсан. Сошиалаар нь Монгол нь Монголоо барьж идсэн. Хараан доромжлол дүүрэн. Хагалан бутаргасан. Талцан хэрэлдүүлсэн хатгаас харийн бордлого хэрэгжсэн. Сэтгүүл зүй нь нийгмийн аль хэрүүл, бохир завааныг уралдан улигласан. Бурхан мартсан мэт энэ нийгэмд соёлын хувьсгал, гэгээрлийн өөрчлөлт хийх цаг болсон. Соёлын яамыг орвонгоор нь өөрчилж. Соён гэгээрүүлэх үүргийг нь онцгой нэмэгдүүлэх. Хэвлэл сэтгүүл зүйн, соёл урлагийн хуулийг яаралтай өөрчлөлт оруулах цаг нь болсон.    

 

 Нийгмийн тархи нь ингэж доройтож орхисон. Танин гэгээрүүлэх яам нь амьтай амьсгалтай нь мэдэгдэхгүй сөнөчихсөн байхад бидний хувьд дуу гарахгүй суух тэвчээр алга. Нийтэлдэг бичдэг ярьдаг хэлдэг хүмүүс минь одоо дуугарах цаг болсон шүү. Хэдий хүртэл бид улсаараа ухамсрын шалбаагтаа гахай шиг хэвтэх вэ? Ертөнцийн инээд, дэлхийн шившиг болж дууслаа.

 

 Одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монголын соён гэгээрэл, үндэсний ёс зүй, ухамсарын онцлого бүхнийг авч үлдэх. Хэдэн зууныг туулсан дэлхийд онцгойрон гайхагдаж ирсэн Монгол жудаг, хүн чанарыг түгээн дэлгэрүүлэх томоохон хувьсгалыг эхлүүлэх цаг хэдийнээ болсон. 

 

О.Түвшиндэмбэрэл