Орос, Украины дайны нөлөө Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулж байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.

Тэрбээр "Монгол Улс нь ардчилсан орон боловч ОХУ-ын эсрэг тавьсан хоригуудаас үүдэн дарамтад орж байна" хэмээгээд хориг арга хэмжээнүүдийн талаар "Бидний буруу биш ч гэлээ манай улсад давхар тавьсан хориг" гэж тодорхойлсон байна.

Түүнчлэн "Украинд үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн хоёр улсын асуудал биш юм. Энэ нь дэлхийн эдийн засагт маш их сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа Монгол шиг далайд гарцгүй улсуудад. Эдийн засгийн хориг арга хэмжээ нь бусад улс орнуудад бас сөргөөр нөлөөлдөг тул судалгаанд үндэслэгдсэн байх ёстой" хэмээжээ.

Тухайлбал агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгчид Европ-Азийн чиглэлд Оросын болон Монголын агаарын орон зайгаар дамжин өнгөрч, навигацийн төлбөр буюу нислэгийн аюулгүй байдлыг хангасны төлбөр төлдөг. Гэвч агаарын орон зайн хоригийн улмаас Европын авиа компаниуд Хойд туйл эсвэл өмнөд чиглэлээр буюу Төв Ази, Туркийн нутаг дээгүүр нисдэг болсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Орос улсын газар нутаг дээгүүр онгоц нисэхээ больсноор манай навигацийн орлого маш ихээр багассан. Хоёрдугаарт, бид хойд хөршөөсөө шатахуунаа импортлон авдаг. Гэтэл хоригийн улмаас төлбөр тооцоонд бэрхшээл учрах болсон" хэмээжээ. Мөн тэрбээр дайны улмаас Орост дизель түлш, наран цэцгийн тос, уул уурхайн салбарын материал хомстсоноос өдөр тутмын хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж байгааг ярилцлагадаа дурдсан байна.

 

Эх сурвалж: Financial Times