Орхоны хөндий бол тэр чигээрээ түүх, соёлын дурсгалт газар. Нийслэл Улаанбаатар хотоос 360-аад км алс энэ нутагт олон зууны турш талын нүүдэлчдийн хүчирхэг эзэнт гүрнүүд төвхнөж байв.Эртний нотолгоо нь VIII зууны үед Түрэг угсаатан оршин тогтнож байсныг эрдэмтэд тэмдэглэсэн байдаг.

Билгэ хаанд зориулсан Руни бичээстэй чулуун хөшөө, эд зүйлс зэргийг археологичид нээж тогтоосон юм.Тэр утгаараа туркүүд Орхоны хөндийд анхаарлаа хандуулж ирсэн. Хоёр улсын найрамдалт харилцааны хүрээнд туркүүд Хархорин-Хөшөө цайдамын автозамыг тавьж өглөө гээд сүйд болцгоож байсан нь саяхан. Бас болоогүй хэдэн хөшөө дурсгалыг хамгаалах төсөл хэрэгжүүлж, өөрсдийн хөрөнгөөр Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулна гэцгээж байв.Тэд өвөг дээдсээ нутаглаж байсан хэмээн хүндэтгэж монголчуудад бүтээн байгуулалт өрнүүлж өгөх юм байна гэсэн ойлголтыг нийгэм аваад байв. Тэгтэл энэ нь сүүл рүүгээ улсын нийслэлийг зөөх асуудал болж хувирлаа.

Ардын намынхан ард түмний нийслэлийг Хархорин руу нүүлгэх тухай хулгайгаар яриа гаргах болов. Энэ яриа гэнэт өнөөдөр ч үүсчихсэн юм биш. Мэдээж, үүнийг ард түмэн зөвшөөрөхгүй гэдгийг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бас Үндсэн хууль зөрчинө гэдгээ мэдэж байгаа. Үндсэн хуульд улсын нийслэл бол Улаанбаатар хот байна гээд хоёргүй заагаад өгчихсөн байгаа. Ийм хулгай луйвар гарахыг сум нэгдлийн хашир дарга нар таамаглаж ч байсан биз. Эд нар юу гэж нийт массын анхаарлыг өөрсдөдөө наахыг хүсэхэв. “Шинэ Хархорин хот бол Монгол Улсын нийслэл болно шүү” гэж цочирдом мэдэгдэл хийхгүй. Иймд өөрсдийнхөө мөрөөдөл, зорилгыг түмэн олноор хүлээн зөвшөөрүүлж, нийгмийн дэмжлэг авахын тулд аядуухнаар эхлүүлсэн.Айлын хөрөнгөөр Орхоны хөндийгөө тохижуулаад шинэ суурьшлын бүс болгон томруулах боломжтой мэтээр ярьдаг байв.Улаанбаатарын хүн, машин нь багталцахгүй боллоо, яаралтай шинэ суурьшлын бүс байгуулах хэрэгтэй. Улаанбаатар бол хүн амьдрахад хамгийн ээлгүй муу хот гэж төрд гарсан хүн бүр сүүлийн жилүүдэд ам ангайх тоолондоо хэлдэг болов.Хамгийн түрүүнд дагуул хот байгуулах ёстой, худалдааны төвүүдээ хотоос гаргая гэдэг шийдэл бол зүгээр жижүүрийн яриа болсон.Тэрийгээ ч тэгж шийднэ, энийгээ ч ингэж хөгжүүлнэ гээд гоё, гоё хөгжлийн загварууд их ярина.Даанч хэрэгждэггүй.Хэрэв биеллээ олдог бол манай улс бурхан бумбын орон болчих ёстой л доо.

УИХ-аас саяхан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг яаралтай горимоор батлав. Төсөл нь ч шуурхай бэлэн болчихно лээ.Өнгөрсөн зун УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн хэдэн гишүүн Орхоны хөндийгөөр баахан явж, газар нутагтай нь танилцсан.Гурван аймгийн найман сумын нутгийг хамарсан энэ хөндийд хангайн бүсийн тулгуур төв болох шинэ Хархорин хот байгуулна гэж байлаа. Төд удалгүй төсөл бичигдээд өрөнд баригдаж билээ. Нүүрсний хулгайн асуудал эд өндрөө авч, жагсаал цуглаан нийгмийн хамаг анхаарлыг татаж байсан үе л дээ.Судлаад үзтэл МАН-ын улсын хөгжлийн бодлогын зорилтыг тодорхойлохдоо 2021-2030 онд “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж хэдийнэ төлөвлөчихсөн байж. Өнгөн дээрээ шинэ нийслэл байгуулна энэ тэр гэж огт дурдаагүй. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхон гол дагуу сунасан тэр уужим хөндийг суурьшлын бүс болгосноор түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, валют олдог уурхай болох мэтээр тайлбарлаж байсан сан. Сүүлдээ хараад байсан чинь тэнд Ерөнхийлөгчийн ордон барина гээд сүйд болоод явчихлаа. Алсуураа Монгол Улсын нийслэлийг нэг бол тийш нь нүүлгэх, эсвэл улс нийслэлээ хоёр хуваах маягтай бодлого бололтой. Тэнд Ерөнхийлөгчийн тусгай ордон барих юм гэнэ үү. Тусгай ордон нь Туркийн мөнгөөр босно. Төрийн тэргүүн гэж нэг хүн гадаадын мөнгөөр баригдсан хотод зургаан жил тарвалзах юм байх.Ганцаараа ч очихгүй, төрийн захиргааны баахан улсуудыг дагуулахаар янз бүрийн л хувилбарууд ярьцгааж буй аж. Бас болоогүй, Төрийн тэргүүн Ерөнхий сайд хоёр тусдаа ажиллаж болдоггүй юм байна гээд Засгийн газраа дэргэдээ аваачина. Тэр үед юу болох вэ, та нар бод доо. Ерөнхийлөгч, Засгийн газаргүй Улаанбаатар хот засуулсан азарга шиг л болно. Ямар ч сүнс сүлдгүй, хийморьгүй хот болж хувирна.Хархорин хотыг байгуулчих л юм бол эхлээд Төрийн гурван өндөрлөг, нийслэлийн засаг захиргаа, 76-тайгаа очсон байхад бусад нь албан бусаар цуварч нүүсээр тэнд очиж л таарна гэсэн тооцооллыг эрх баригчид сэдсэн юм уу даа.Уучлаарай, ийм эрх Ардын намд байхгүй шүү.

Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл бол Улаанбаатар хот мөн гэж тодоос тод нэрлэсэн байгаа.Үндсэн хуулийн заалтыг дураараа өөрчилж эвдэх эрх хэнд ч олгоогүй. Хуучин эрх мэдэлд хүрсэн болгон нь “Нийслэлийг нүүлгэнэ” гэж ярьдаг байсан. Тэр үед хэн ч тэднийг Үндсэн хууль зөрчлөө гэж чичилж байгаагүй. Гэвч улсынхаа нийслэлийг нүүлгэх нь Үндсэн хуульд харш юм байна гэдгийг анзаарч мэдсэн даруйдаа тэд өөрсдөө чимээгүй болдог байсан. Улаанбаатараараа оролдож дураараа авирлавал улстөрч ч, нам ч тэр дорхноо нэр хүндээ алдаж улс төрийн карьер нь дуусах юм байна гэж мэддэг байсан болохоор тэр юм. Тэгвэл одоо МАН-ын арга улам бүр нарийсчээ. Ард түмний гараар могой бариулахаар санаархаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ҮХНӨ-ийг явуулахаар Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар эхлүүлэх гэж байгаа. Иргэдийн саналыг авах асуулгадаа Улаанбаатар гэдэг нэрийг сугалж хаяхыг санаархаж, Орхоны хөндий рүү нийслэлээ зөөхөөр мөрөөдөж байна. Иймд Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэд, ард түмэн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Улсын нийслэл Улаанбаатар хот бол монголчууд бидний тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын дархлаа юм. Монгол Улсын эдийн засгийн гол цөм нь энд бий. Нийслэлийн засаг захиргаа, яам тамгын газар, аж ахуйн нэгжүүд, их, дээд сургуулиуд бол Улаанбаатар хотын эдийн засаг гол тэжээгч амин судал нь юм. Тэгвэл нийслэлээ нүүлгэчих юм бол Улаанбаатарыг тэтгэж, босгож байх цусны эргэлт зогсоно. Яагаад гэвэл, одоо бидний амьдарч байгаа энэ нийслэлд маань ганц олигтой үйлдвэр байх биш ямар ч мөнгө үлдэхгүй. Тэгэхээр Улаанбаатар нийслэлийн статусаа алдвал хэдэн ядуус шавсан, навсайсан, хаягдсан хот болж хувирна. Монголын түүхэнд анх удаа сая гаруй хүн амтай болж чадсан энэ том хотыг устгах эрх МАН-д байхгүй. Улаанбаатар хотоо алдаж байхаар МАН-ыг татан буулгаж устгасан нь монголчуудад хамаагүй ашигтай биз ээ.

Төрийн тэргүүн гэдэг хүнд Монгол Улсынхаа сайн сайхны төлөө зүтгэнэ гэж ард түмэн итгэж, найддаг. Тиймээс У.Хүрэлсүхийг зургаан жилМонгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө зүтгээрэй гэж сонгосон болохоос нийслэлийг нь устгаж, өөртөө эрх ямба нэмээд дарангуйлагч ноён болж тусгаарла гээгүйг мартчихаа юу. Хэрэв ингэж ажиллаж чаддаггүй юм бол Төрийн тэргүүнийхээ суудлыг сайн дураараа өгөөд яв л даа. Ямар явж сураагүй биш, УИХ-ын гишүүн байхдаа хариуцлагаас зугтаад бүрэн эрхээсээ татгалзаж байсныг чинь ард түмэн санаж л байгаа.

Ер нь Улаанбаатар хотыг устгаж яасан ч болохгүй. Гэхдээ мөнгө ямар хүчтэй билээ дээ. Гадны хөрөнгөөр Хархорин нэртэй шинэ хот хурдан бий болж магадгүй байна. Далдуур тэнд Түрэг улсын нийслэл гэж байгуулах шинжтэй байж ч мэднэ.Хэдэн жилийн дараа Түрэг нь Турк болоод өөрчлөгдөх вий. Тэгвэл Турк нь манай байгуулсан хот гээд биднээс авчихыг ч үгүйсгэх газаргүй юм. Хархорины хийрхэлээс харахад эрх баригчид иймэрхүү маягтай улс төрийн буруу нүүдэл хийгээд байна.Тэд үнэхээр ажил хийж чаддаггүй хүнээр буюу гадны бэлэн тусламж гэдэгт найддаг учраас ийм буруу замаар эрх мэдэл ноёлох санаархалаа бодит болгож мэднэ. Ядаж л Яармагийн нүхэн гарцыг бүтэн жил яриад бараагүй юм чинь бүхэл бүтэн хот байгуулна гэхээр хүмүүс тоохгүй байсан.

Даанч сүүлийн үед Улаанбаатараа тойруулаад дагуул хотууд сүндэрлүүлнэ гэдэг яриа намжаад байсан нь гадны мөнгөөр шинэ нийслэл барьж өөрсдөө утаа түгжрэлээс ангид диваажинд заларч ард түмнийг өмхий утаа улаан түгжрэл дунд нь хаях гээд инээд алдан гараа үрчээд сууж байсан юм байна л даа.

Ганц байгуулсан ард түмний нийслэл Улаанбаатараа устган байж барих Хархорин хот чинь манай нийслэл болох уу, Туркийн нийслэл болох юм уу эрх баригчид аа.