Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд болон бусад удирдлага Улсын дээд шүүхийн шийдвэр, АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх тухай өргөдлийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд, өргөдлийн дагуу улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй гэж үзэн түүнийг даргаар бүртгэсэн.

Харин “Ардчилсан намын даргаар Д.Ганбатыг бүртгүүлэх тухай өргөдлийг хангахаас татгалзсан. Учир нь Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалаар “намын даргыг сонгох сунгаа”-г зарласан нь тус намын Үндсэн дүрмийн 5.17.4-т нийцээгүй, тус намын даргын бүрэн эрхэд хамаарахгүй асуудал зэрэг үндэслэлээр Ардчилсан намын даргаар Д.Ганбатыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Улсын Дээд шүүх хуулийн дагуу бүртгэлийг явуулсан бол үр дүн ингэж гарахгүй байсан. Ардчилсан намаа худалдах замаар эрх баригчдын охин нам болох замаар, өөрсдийн амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж асуудлыг шийдэх гэж оролдож байгаа этгээдүүдтэй бид хэзээ ч нэг туг дор явж чадахгүй. Бид эвлэрлийн төлөө биш шударга ёсны төлөө явж байгаа.

Бид Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүнд итгэхгүй байна. Олон гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн энэ шүүх яаж шударга шийдвэр гаргах юм бэ. Ардчилсан намын даргыг хүчирхийллээр, дур мэдэн томилж байгаа нь ардчилал монголд баталгаагүй болж буйг харуулж байна.

Л.Гантөмөрийг аль ардчилсан нам даргад нэр дэвшүүлсэн юм. Ардчилсан нам ямар тоглоом юм уу. Улсад бүртгэлтэй, хууль ёсны тамга, тэмдэгтэй, парламентад суудалтай улс төрийн нам. Яахаараа хэсэг бүлэг нөхөд өөрсдийгөө АН-ын Үндэсний бодлогын хороо гэж нэрлэн хурал зарлаад, 200 мянган гишүүнтэй АН-ын даргыг 200-хан хүн цуглуулаад сонгож байдаг юм. Энэ асуудлыг АН-ын Үндэсний бодлогын хороо авч хэлэлцэнэ. Энэ шийдвэрийг гаргасан УДШ-ийн нэр бүхий шүүгчдийг холбогдох хууль, хяналтын байгууллагад өгнө.

Дээд шүүхийг бүрдүүлж байгаа хүмүүс яг хэн бэ? Шударга хүмүүс мөн үү. Дээд Шүүх ялзарсан байхад шударга шүүхийн талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Эв нэгдэл гэж гоё нэрээр халхавчилсан улстөрийн бусармаг хүчирхийллийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Намынхаа тамгыг булаацалдаад дарж хэвтчихээд байгаа зүйл надад байхгүй. Хууль ёсны дагуу шилжүүлье гэж гурван удаа оролдлоо. Парламентад суудалтай АН-ын үйл хэргийг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн нөхөд дээрэмдээд авчихдаггүй юм. Хуулийг уландаа гишгэсэн Улсын Дээд шүүх АН-ын эрх мэдлийг булааж аваад хэн дуртайд нь өгчихдөггүй юм. Эцсийн үнэн, мөнийг гартал бид тэмцэнэ. Тэр болтол би Ардчилсан намын даргын ажлаа хийсээр байх болно, хэн ч үүнийг цуцлаагүй" гэлээ.