Засгийн газрын зарим гишүүнийг яллагдагчаар татсан тухай АТГ-аас өчигдөр мэдээлсэн. Тэднийг хэзээ чөлөөлөх тухай ЗГХЭГ-ын дарга мэдээлэл өгөв.

Сайд Д.Амарбаясгалан "Хэд, хэдэн сайд шалгагдаж байгаа зүйл байхгүй. Нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Тэр даруйдаа УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа. Гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар уг асуудал яригдана.

2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилохдоо Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр хийдэг процесстой болсон.

Өргөдлөө өгсөн сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр танилцуулан, чөлөөлж дараагийн сайдыг томилох асуудал тухайн цаг үед яригдана.

Улс төрийн намын тухайд дүрмийн дагуу намын гишүүн нь яллагдагчаар татагдсан тохиолдолд нэг сарын дотор түтгэлзэх өргөдлөө өгнө. Намын хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргадаг" хэмээн тайлбарлалаа.