“ Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Тус хуралд МАН, АН, ХҮН болон улс төрийн бусад хүчнүүд болоод эрдэмтэд, судлаачид оролцлоо. Энэхүү хурлаар яригдсан гол асуудал нь улс төрийн намын тухай хууль, түүн доторх улс төрийн намуудын санхүүжилт болоод сонгуулийн тогтолцооны асуудлыг хөндсөн юм. Мөн улс төрийн намуудын авлигын асуудлыг ярилаа.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮХНӨ ХИЙЖ, СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООНД ШИЛЖИЖ, СОНГУУЛИЙГ ЗАЙЛШГҮЙ НАМАР ХИЙХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВЭЛ БИД ТАТГАЛЗАХГҮЙ

Энэ үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун- Эрдэнэ: -Энэ оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Уул уурхай тэр дундаа нүүрс, зэс дагасан далд эдийн засгийг ил болгож, төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай . Авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээгчийн тухай хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулна. УИХ, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ хаврын чуулганаар өргөн барьж батлуулна

“Шувуу” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад паспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд УИХ-д оруулна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, тойргийн эрх ашиг, нутгийн томилгоо, хатуу гишүүнчлэл, мөнгөний сүлжээний чөтгөрийн тойргоос гарч, тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах парламентын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн сегмент бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байна. Нэг нам давамгайлсан үед сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, сонгуулийг зайлшгүй намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй бол хуулиараа энэхүү боломжгүй. Нөгөө талаар улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ сонгууль товлосон цагтаа болж, цагтаа болсон сонгуульд хууль эрх зүйн хувьд хэрхэн эрх тэгш бэлдэх вэ гэдэг нь зөв байж магадгүй.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр АН-ын дарга Лу.Гантөмөрөөс зарим асуудлаар тодруулж, ярилцлаа.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг ярилаа. Танай намын хувьд аль системээр явах нь зөв гэж үзэж байна вэ?

-Төр, ард түмний дунд босгочихсон энэ бүлэглэлийн хана хэрмийг нураана гэдэг зүйлийг ярьж байна. Ингэхийн тулд сонгуулийн тогтолцооны асуудал хөндөгдөнө. Бид хувь тэнцүүлсэн системээр явж байж ард түмний төлөөллийг бүрэн зургаар нь оруулж ирэх боломжтой болно. Хувь тэнцүүлсэн тогтолцоо байгаа тохиолдолд бид нэр дэвшигч дээр тавигдаж байгаа болзлыг алга болгож чадна. Наанадаж бага хурлын гишүүн хүн УИХ-д нэр дэвшинэ гэдэг зүйл улс төрийн намын тухай хуулиар хаагдах ёстой. Нээлттэй нэр дэвшилт явагдана. Үнэхээр боловсролынхыг хамгаалж чадах тэрхүү багшийг бид УИХ-д оруулах нь парламентад суудалтай улс төрийн намуудын үүрэг болж хувирч байгаа юм. Бидний өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудал бол улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд хэрхэн цэвэрших вэ гэдэг зүйл. Ядаж л УИХ-ын гишүүд дүүрэг, аймгийн намын дарга хийдэггүй байх хэрэгтэй. Өнөөдөр УИХ-ын гишүүн хүн таван давхар дээлтэй байна. Тиймээс энэхүү хурлаас бид гурван зүйлийг хэлэлцэн шийдэх ёстой. Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийг яаралтай шинэчлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог гарцаа байхгүй өөрчлөх шаардлагатай.

-Танай намын хувьд хувь тэнцүүлсэн тогтолцоог яаралтай оруулж ир гэдэг шаардлагыг тавьж байна уу?

-Бид хувь тэнцүүлсэн тогтолцоог авахгүй бол, угаасаа явахгүй. Бид дэвшүүлсэн хөтөлбөрөөрөө санал авмаар байна. Гэтэл ганц асуудал байна. Жагсаалтад хулгайчуудыг битгий оруулаач гэдэг зүйлийг улс төрийн намуудын дарга нар хэллээ. Энэ зөв. Ардчилсан намын хувьд жирийн багшийг оруулъя. Оруулахын тулд УИХ-д нэр дэвшиж буй хүнээсээ дэнчин авдагаа болиулах ёстой. Тодорхой болзол тавиулдагийг нь болиулах шаардлагатай. Энэ асуудлыг бид намын дүрмэндээ ч тэр улс төрийн намын тухай хуульд ч тэр оруулах ёстой.

-Таны хувьд АН-ын даргаар сонгогдоод удаагүй байна. Намын удирдлагад ажиллах багаа бүрдүүлсэн үү. Танай нам одоо цэгцэндээ орсон гэж ойлгох уу?

-Цэгцэндээ орсон гэдгийг хариуцлагатай хэлье. Бидний хувьд одоо яаж шинэчлэгдэх вэ гэдэг зүйл хамгийн том асуудал болж байна. Улс төр, сонгуулийн хуулиараа бид зайлшгүй шинэчлэгдэх ёстой. Бид хуучин социалист, коммунист системийн улс төрийн намын араг ясыг авч явсаар байна. Ерөөсөө бидний байгаа бүтэц нь ийм байна. Наад зах нь 20, 30 хүн тэр хэмжээний аймагт хэрэг эрхлэхийн ажил хийхэд л тэрбум гаруй төгрөгийн зардал гарч байна. Өөрөөр хэлбэл хуучин нийгмийн бүтцэд таарсан намыг одоо болтол бид чирч яваа гэдэг маань үнэхээр хоцрогдсон байгаагийн илрэл. Бид намынхаа бүтцийг хэрхэн харж байгаа вэ гэхээр олон нийт рүү чиглэсэн бүтэцтэй болохыг л зорьж байна. Удахгүй бид бүтэц, зохион байгуулалтын асуудлаа ярих болно.

-Ээлжит бус сонгууль явуулах асуудлыг олонх дэмжвэл татгалзах зүйлгүй гэдгийг эрх баригч намын дарга мэдэгдлээ. Танай намын хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Бидний хувьд өнөөгийн УИХ-ыг аль болох богино хугацаанд үйл ажиллагаагаа дуусгаад дараагийн парламентыг бүрдүүлэх чиглэлдээ ажиллахыг шаардаж байгаа. Энэ УИХ үнэхээр ажил хийж чадахгүй байна. Энэ парламент угаасаа ажил хийхгүй юм байна. Өнөөдөр энэхүү парламентын олон гишүүн асуудалд орчихсон, хэрэгт холбогдчихсон явна. Тэр утгаараа ард түмний дунд энэхүү парламентын чадавхын асуудал хамгийн эмзэг сэдэв болчихлоо. УИХ-ын хувьд бүрэн эрхээ дуусгах нь угтаа маш сайн зүйл гэж боддог. Харамсалтай нь энэ хүмүүс удахгүй сонгуульд зориулсан төсөв батлачихвал яах вэ. Хөгжлийн бодлого биш дахиад нөгөө тал тал тийш тараадаг бодлогоо хэрэгжүүлбэл яах вэ. Тиймээс гарч болзошгүй төрийн буруу бодлого явуулахаас нь өмнө УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах шаардлагатай.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг таны хувьд ямар байдлаар харж, дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлт ярих гэж байгаа бол хэдхэн зүйлийг л шууд шийдэх хэрэгтэй. Нэгдүгээрт, улс төрийн намын гишүүдийн тоо 10 мянган байх уу, хоёрдугаарт, хувийн хэвшил буюу хувийн өмчийг бид Үндсэн хуулиараа хамгаалж чадах уу, үгүй юу гэдгээ эхлээд яръя. Гуравдугаарт, сонгуулийн тогтолцоо, парламент ямар байх вэ гэдгээ хэлэлцэж, шийдэх ёстой. Ямар байж гэмээнэ чадалтай парламент болох вэ. Үнэхээр иргэдийн төлөөлөл орж ажиллаж чадах уу гэдэг зүйлийг ярья. Нуулгүй хэлэхэд бидэнд иргэдтэйгээ, намын гишүүдтэйгээ энэ асуудлаар ярилцах хугацаа хэрэгтэй байна. Яг өнөөдрийн байдлаар бүх асуудал тодорхой байна, за гар бариад хэдүүлээ шийдчихье гэхээр үнэхээр эрт байна. Хүмүүст мэдээлэл алга байна. Бидний хувьд нэг л зүйлийг тодорхой хэлж чадна. Ардчилсан нам парламентын засаглалаас хэзээ ч ухрахгүй шүү.