Нүүрсний хулгайд холбогдсон улстөрчдийн “нүүрний эгнээ”-нийхний нэр, ус нь ил болсон. Тэдний дунд УИХ-ын хэд хэдэн гишүүн байна. Эрхэм гишүүдийн заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорт гаргасан. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “...Үндэслэлтэй байна” гэж үзвэл УИХ-д санал илгээнэ. Түүний шийдвэр энэ долоо хоногт багтаж гарах бололтой юм. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг оруулахаар зэхэж байсан ч нэг нь хүсэлтээрээ түдгэлзчих шиг боллоо. Тэгэхээр гурван гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргахаар болж байна гэсэн үг.

Харин тэдгээр гишүүдийг түдгэлзүүлэх үү, авч үлдэх үү гэдгийг УИХ шийднэ. Ер нь бол Халдашгүй байдлын дэд хороо эхлээд шийднэ. Тус дэд хороонд Сү.Батболд, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд байдаг. Тэд ямар шийд гаргана, тэр л байнгын хороод, нэгдсэн чуулганы шийдвэр болоод байгаа харагддаг. Гэхдээ Ерөнхий прокурор санал оруулдаг, УИХ аваад үлдчихдэг. Иймэрхүү жаяг тогтчихсон. 2018 оны өвөл ЖДҮ дээр тэгсэн. Жилийн өмнө Хөгжлийн банк дээр ч тийм шийд гарсан. Харин одоо нүүрсний хулгайтай холбогдсон гишүүдийг дахиад л авч үлдэх үү. Энэ маш их анхаарал татаж байна.

 

Уг нь нүүрсний хулгай юу юунаас илүү олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Үүнд оролцсон, үүнтэй хамааралтай хүмүүст хуулийн хариуцлага тооцохыг иргэд шаардаж байна. Тэр утгаараа энэ хулгайтай холбогдсон гишүүдийг хамгаалах эрх УИХ-д байхгүй. Гэвч Ерөнхий прокурорын саналд нэр нь орж болзошгүй зарим гишүүн бусадтайгаа “ажиллаад” эхэлжээ. Өөрөөр хэлбэл, нүүрсчид мөнгөний хүчээр гишүүдийн саналыг худалдаж аваад эхэлсэн байна. Ийм яриа тохироо ид явж байгаа тухай эх сурвалжууд хэлээд эхэллээ.

 

Гэтэл эдгээр гишүүд зөвхөн эхний хэсгийнхэн буюу дээр дурдсанчлан “нүүрний эгнээ”-ний нүүрсчид гэцгээж буй. “...Араас нь залгуулаад олон улстөрч гарч ирнэ” гэсэн мэдээлэл бий.

 

Эхний хэдийг нь аваад үлдчихээр арынх нь ойлгомжтой.

Хамгийн гол нь нүүрсний хулгайг хуулийн дагуу шийдэх боломжгүй болно. Улс төрийн хувьд ийм шийдвэр гарах аваас хууль шүүхийнхэн шударгаар шийдэх чадамжгүй болно. Олон нийтийн итгэл алдарна. Магадгүй, одоогоор сураг нь дуулдахгүй байгаа “хаврын улс төр”-ийн сэдэл болохыг ч үгүйсгэхгүй. Тиймдээ тулбал зүгээр л нэг уламжлалт жагсаал цуглаанаас илүү хүчтэй, ширүүн явдал өрнөх магадлал өндөр юм.

 

Үүнээс гадна, тэр бүр хэвлэлд яриа өгөөд байдаггүй УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулган эхлэхийн өмнө албан ёсны сайтдаа нэлээд том ярилцлагаа тавьсан. Түүгээрээ “...Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” гэж мэдэгдсэн. Тодруулбал, “...Хаврын чуулганаар бид гурван чиглэлээр 10 багц эрх зүйн шинэчлэлийг хийхийг зорьж байна. Авлига нийгмийн хорт хавдар болоод байна. Тиймээс Авлигатай тэмцэх багц хуулийг эхний ээлжинд хэлэлцэнэ. Иргэдийн амьжиргаа, улс орны тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийг хязгаарлагч хүчин зүйл, садаа нь авлига. Саяхан УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан. Зөвхөн индекс хөөцөлдөх бус, авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ.

 

Ёс зүй бол авлигагүй нийгмийн үндэс суурь юм. Иймд Авлигатай тэмцэх засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Төрийн албан хаагч бүрд ёс зүйтэй, эрүүл нийгмийг төлөвшүүлэх, авлигыг үл тэвчих хүсэл зориг хэрэгтэй.

 

Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Товчхондоо хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх болно” гэсэн. Чуулганы нээлт дээр ч “...Ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл нь нийгмийн хорт хавдар болоод байгаа авлигын үндсийг таслахыг хүсч байна. Улсын хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхан амьдралын боломжийг үгүй хийж, хуулийн засаглал, төрт ёсыг үнэгүйдүүлж буй хорт үзэгдэл бол авлига мөн. Иймээс энэ хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэлчлэл хийх чуулган байх болно” гэж дахин хэлсэн. Тиймээс энэ удаагийн хаврын чуулганаас олон нийт асар өндөр хүлээлттэй болчихсон.

Харин улс төрийн хүрээнд, тэр байтугай зарим хэвлэл сэлтээр “яригдаад” байгаачлан эрхэм гишүүд нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий 2-3 гишүүний мөнгөнд болоод авч үлдэх тохироо хийвэл УИХ-ын даргын дээрх мэдэгдлүүд ажил хэрэг болохоосоо өнгөрнө. Нэг үгээр хэлбэл, “...Авлигын эсрэг чуулган болгоно” гэсэн УИХ-ын даргын “амлалт” унах магадлал маш өндөр болох юм.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин