Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан хүмүүсийн хувийн төлбөр тооцоо хийж буй гадаад данс, мөн дотоодоос санхүүжилт авч байгаа дансыг нь хааж, царцаах чиглэлээр мөрдөх байгууллагуудтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд хамтарч ажиллах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.

Би өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулсан. Авлигатай Тэмцэх Газар дээр шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг тасалдуулж байгаа 18 хүний нэр байгаа. Бусад мөрдөх байгууллагад харьяалагдаж байгаа нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авчирч мөрдөн шалгах үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайдаас өглөө" гэв. 

Мөн "Өмнө нь мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчин төгөлдөр бус болгож, гадаад улс орнуудын хилийн шалган нэвтрэх байгууллагууд руу хүргэх үүргийг өгсөн. Энэ ажил хийгдэж байна.

Өнөөдөр нэмээд энэ хүмүүсийн санхүүжилттэй холбоотой, өөрсөдтэй нь хамаатай санхүүжилт, гадаадад ашиглагдаж байгаа данс, Монголоос мөнгө шилжүүлж авч байгаа Монголд нээлгэсэн дансыг хаалгах үүрэг чиглэл болгож байна. Үүнийг хийхдээ мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурорын байгууллагатай хамтарч холбогдох банк санхүүгийн байгууллагуудад тогтоолыг үндэслэж хийхээр төлөвлөсөн" хэмээн мэдээллээ. 

ВИДЕО: