Улс төр үе үе оволзож, тэгсхийгээд намжих аж. Наанаа ийм боловч цаанаа тун ширүүн, эвгүй улс төр өрнөж байгаа бололтой.

Угаасаа Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, Мөнх-Эрдэнийн шүүх хурал, Монголхүүгийн баривчилгаа, АН-ын гэрчилгээ тамганы маргаан, МАН-ын "нүүрсний 19 гишүүн"-ий тухай, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд улс төр дагасан сэдэв ч мундахгүй олон юм.

Энэ олон улс төрийн сэдвүүдтэй үйл явдлууд хөшигний ард тасралтгүй л үргэлжилж байна гэсэн үг. Сүүлийн өдрүүдэд Төрийн ордноор нэг яриа нэлээд газар авч яригдав. Ерөнхийлөгч ойрд тун их ууртай байгаа гэнэ.

Уг нь Ерөнхийлөгч ойрд олны өмнө гараагүй боловч тун ажил хэрэгч байгаа. Тэрээр өөрийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Тамгын газрын даргаараа өнгөрсөн баасан гаригт УИХ-д өргөн бариулсан. Энэ хууль батлагдвал улс төрийн намуудын эрх зүйн орчин сайжирна. Тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ. Намууд цөөнх, эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн илэрхийлэл болсон явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын нам болно. Намууд нийгмийн өмнө үүрэг хүлээдэг, хариуцлагатай болсноор намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлнэ. Намд олгох төрийн санхүүжилтийн хувь хэмжээ, зарцуулалтыг нарийн тогтооно. Ингэснээр намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулах зэрэг эерэг үр дүн авчирна гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм байна.

Бас "Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд очиж ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ч үүнийгээ үргэлжлүүлсэн.

Харин ууртай байна гэдгийн тухайд тэрээр өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гурван сайд, УИХ-ын нэг гишүүнийг өрөөндөө дууджээ. Төрийн ордонд яригдаж байгаагаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар дуудагдсан гэнэ. Тэгээд загнасан байгаа юм.

Чухам ямар шалтгаанаар, юунд бухимдаж уурлаад, юу гэж загнасан нь одоогоор тодорхойгүй байна. Харин гишүүд, сайд нар Ерөнхийлөгчид гомдчихсон яваа аж. Төрийн ордноор л нэг ярьж байна. Удахгүй тэд учрыг хэлэх биз ээ.