Авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-д мэдээлэл танилцуулав. 

Тэрбээр энэ үеэр "Миний албан тушаал холбогч буюу зохицуулагч сайд юм. Түгжрэлийн асуудал бол үр дагавар. Ямар ч сайн хөгжсөн орон ч ажилдаа очих, ирэх цагаараа түгжирч байгаа. Харин манай улсын хувьд нийтийн тээврийн автобусны дийлэнх нь ашиглалтаас гарсан. Хот өөрөө алдагдалд орсон байгаа юм. 

Парк шинэчлэлт хаа хаанаа хийж чадахгүй байна. Иргэд ая тухыг нь голдог. Сайн чанарын автобус оруулаад ирвэл иргэд сууя гэж байна. Нийтийн тээвэр бол суурь асуудал юм. Багц чиглэлээр ажиллаж байж түгжрэл буурна. Хариуцлагагүй, сэтгэлгээний хөшүүн байдал түгжрэлийг бий болгож байгаа. 

Миний хийж байгаа ажлын 80 хувь нь огт харагдахгүй ажлууд бий. Замын цагдаа, нийтийн тээврийн газрын даргыг би удирддаг хүн биш шүү дээ. Гэсэн ч байнга л харилцдаг. Сүүлийн хагас жилийн хугацаанд ахиц гарч байгаа гэж бодож байна. Энэ чиглэлд урьд нь ямар ч арга хэмжээ авч байгаагүй юм билээ. 

Ардчилсан Намын, МАН-ын түгжрэл гэж байхгүй. Замаа тооцохгүй байж барилга бариад байна. Түгжрэл бууруулсангүй гээд хүн руу уурлаад байвал хэцүү. Өөр өөрийн чиглэл дээрээ анхаарах хэрэгтэй. Нийтийн тээврийн салбарын бодлогыг гаргах шаардлагатай байна.

Татварын бодлого дээр асуудлыг зоригтой оруулж ирнэ. Олон улсад эсэргүүцэж байсан. Иргэд дургүйцэх байх. Түгжрэл бол хэдэн хүний ажил биш. Бидний хөдөлгөөн, хэв маягтай холбоотой асуудал" гэдгийг хэллээ.