"Шилэн" ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтад төрийн өмчит объектуудын түрээс, ЖДҮХ сангийн зээлийн үлдэгдлийн мэдээллийг байршуулсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “shilen.gov.mn сайтаас түрээслэгч байгууллагаар хайлт хийгээд ямар компани ямар хэмжээний талбай түрээсэлж байгааг харах боломжтой боллоо. Мөн метр квадратын түрээсийн үнийг нь тодорхой харуулсан.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн удирдлагаар төрийн өмчит компаниудын засаглалыг засаж, данхгар бүтцийг арилгах шийдвэрүүд үр ашгаа өгч байгаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хамаарал бүхий компани төрийн өмчит үйлдвэрийн газар төслийн нэгж нийт 39 байгууллагын хуулиар ТУЗ-тэй байх шаардлагатай таваас бусдыг нь татан буулгасан. 12 компанийн 84 ТУЗ-ийн гишүүний зардал 2023 онд хоёр тэрбум төгрөг гэж төсөвлөсөн байсныг 500 сая төгрөг болгон дөрөв дахин буулгасан. Цаашид бүх төрийн өмчит компанийн данхар бүтцийг бүхэлд нь засаж, өөрчлөлт хийснээр 30 гаруй тэрбум төгрөг хэмнэхээр Д.Амарбаясгалан даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 

Түүнчлэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн мэдээллийг нэмж нээсээр байгаа. Мэдээлэл нэмж ирэх чинээгээр зээлийн үлдэгдэл нь өсөж байна. 8,999 зээлийн мэдээллийг ил болгоход 169.7 тэрбум төгрөг буюу авлага нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт 95 хуулийн этгээд 461.7 сая төгрөгийн зээлээ эргэн төлсөн байна" гэв.