Сүүлийн үед ам.долларын ханш аажмаар бууж байна. Бараг нэг сарын хугацаанд 70 төгрөгөөр доошлов. Саяхан л 3550 төгрөг давж байсан ам.доллар өнөөдрийн байдлаар 3480 руу оржээ.

Энэ хэрээр төгрөгийн ханш чангарч байгаа нь манай эдийн засагт эерэгээр тусна. Удаан хугацаанд дандаа өсөлттэй явж ирсэн доллар яагаад ингэж буух болсныг эдийн засагчид өөр өөрсдийнхөө өнцгөөр тайлбарлах юм билээ. Нүүрсээ биржээр зарж эхэлсэн болохоор орлого ахиу орж ирсэн нь долларын ханш доошлоход нөлөөлсөн гэв. Албаны эх сурвалжууд болохоор ам.долларын нөөц хангалттай байгаа учраас цаашид зугуухан бууна гэх. Харин улс төрийн шийдвэр талаас нь харвал ам.долларын ханш илүү хурдан буух бүрэн боломжтой аж. Оны эхэнд чуулганы нэгдсэн хуралдааны индэр дээрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн сүрхий мэдэгдэл бий. Хөгжлийн банк, төмөр зам, нүүрсний хулгайтай хатуу тэмцэж байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүний сануулгад байгаль орчны салбар, банк, санхүүгийн байгууллагууд багтсан. Тэрбээр эдгээр салбарт дэлбэрэлт болно, болгоомжтой байгаарай гэж анхааруулж байв.

 

Тэр дундаа банкны салбарынханд хандаж хэлэхдээ “Монголбанкны газрын дарга нар банк бус санхүүгийн байгууллагаа одоо больцгоо. Бүгдийг чинь зарлана шүү. Засгийн газрын хурлаас шийдвэр гаргаад УИХ, Засгийн газар энэ бүгдээс татгалзах хуулийн төсөл хэлэлцүүлнэ” гэж ширүүхэн бас шийдэмгий дуугарсан нь бий. Хэзээнээсээ банк бус санхүүгийн байгууллагууд ам.долларын ханшийг зохиомлоор өсгөдөг гэх яриа явсаар ирсэн. Энэ нь ч үнэний ортой юм байна.

 

Ерөнхий сайдыг Монголбанкныханд сануулга өгч, банк бус санхүүгийн байгууллагуудыг “нүд цавчилгүй” ширтэж байгаа болохоор хэсэгтээ ноёлсон долларын хөөс бууж байх шиг байна. Импортынхоо 90 гаруй хувийг гаднаас доллараар худалдаж авдаг манайх шиг оронд үнийн өсөлт иргэн бүрийн халаасыг шавхаж байгаа. Долларын ханш хэдий чинээ доошилно, тэр хэмжээгээр айлуудын хөргөгчин доторх хүнс нэмэгдэнэ. Тэгэхээр долларын ханшийг хэн нэгний дураар өсгөдөг байж болохгүй. Энэ бол тоглоом биш. Зах зээлийн бодит нөхцөл байдалтайгаа уялдаж хөрсөндөө буух ёстой. Тиймээс Ерөнхий сайдыч чуулганы индэр дээрээс хэлсэн хатуу сануулга долларын ханш бага ч гэсэн буухад үр дүнгээ өглөө. Хиймлээр өсгөсөн доллар буцаад бууж болдог юм байна гэдгийг хэдүүлээ харлаа. Гэхдээ энэ нь яст мэлхий шиг арай л удаан биш үү. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банксанхүүгийн салбарынхан руу хандуулсан ширтэлтээ нүд салгалгүй үргэлжлүүлж, долларын ханшийн уналтыг улам хурдлуулмаар байна.

М.Цэцэг

sonin.mn