Засгийн газрын хуралдаан "бусад асуудал"-ын үеэр ихээхэн анхаармаар зүйлүүдийг ярьжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нилээд бухимдалтай байсан дуулдаж байна. Тэгэхдээ том, жижиг хэд хэдэн асуудалтай холбоотой үг унагаад авчээ. Хэлсэн үгнүүдээс нь харвал тэрээр хэд хэдэн "ах"-даа Ерөнхий сайдын суудал дээрээс Засгийн газрын хуралдааны протоколоор дамжуулан үг дайсан байж болзошгүй байна. Сошиалын "эзэнтэй пост" гэдэг шиг ажээ.

Л.Оюун-Эрдэнэ "Том авлигачдын асуудлыг саармагжуулахын тулд жижиг нөхдөөр оролдож байна. Ингэж олон нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулах оролдлого гарах болсон. ШЕЗ хүртэл оролцож, "5Ш" ажиллагааг саармагжуулахыг оролдож байна. Ер нь хэний захиалгаар, хаана, юу яригдаж, яаж хийгдэж байгааг би бүгдийг мэдэж байгаа шүү. Дахиад хэлье. Акулыг хамгаалах гэж жараахай хөөцөлдөж байна. Жинхэнэ авлигачдыг хамгаалдаг. Жагсагчид гэх мэт хүмүүсийг бариулдаг. Ингэж төөрүүлэх хэрэггүй шүү, ах нар аа. Үнэн бай л даа. Үүний оронд 5-7 жил болж байгаа том хэргүүд дээр, том авлигачид дээрээ төвлөрөөч. Өнгөрсөн 30 жилийн ийм технологид чинь одоо ард түмэн хууртахгүй" гэжээ.

Мөн "Зоригийг хөнөөсөн хэрэг гэхээр хэдэн хүн гарч ирэх юм. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг. Үнэхээр хүний эрхийн төлөө тэмцэгч юм бол найз нь гэмгүй хүмүүсийг шийтгэж байхад "Боль" гэж хэлэхгүй яасан юм бэ" гэсэн байна. Үүнээс гадна "Та нарт хашаа будахаас өөр ажил алга уу. Авлигал хамар дор байгаагийн л илрэл. АТГ энэ хашааны асуудлыг шалга" гэсэн байна. Энэхүү Төрийн ордны гаднах хашааны асуудал саяхан хэл ам болж, сошиалд шуугиулаад авсан билээ.