“ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах өдөр”-ийг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдөр хэмээн зарлаж олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдөр олон нийтийг тухайн үйл ажиллагаанд дайчлах, иргэд, иргэний нийгэм, хамт олон, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах, идэвхижүүлэх үйл ажиллагааг хийдэг.

  Энэ хүрээнд олон нийтэд уг өвчнөөс сэргийлэх, анхааруулах, мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор 11 дүгээр сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

 Хэвлэлийн бага хурлын үеэр эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд ололттой тал олон байгаа боловч ХДХВ/ДОХ-оос сэргийлэх нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш юм. Олон салбарын оролцоотой цогцоор нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд урган гарч байна гэлээ.

 Дэлхий нийтээрээ 2015 он гэхэд ХДХВ-ын шинэ халдварын тоог тэглэх, ДОХ-ын үүдэлтэй нас баралтыг тэглэх, ялгаварлан гадуурхалтыг тэглэх гэсэн уриан дор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Энэ жил манай улсын хувьд “ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ТЭГЛЭЕ” уриатай тэмдэглэж байгаа бөгөөд халдварыг тэглэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал юм.

 Монгол улс нь нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт багатай орон юм. Гэвч эрсдэлт бүлгийн хүн амын дундах халдварын тоо өссөөр байгаа нь энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг харуулж байна.

alt

 НҮБ-ын ХАС-ын суурин төлөөлөгч Noami Kitahara мэдээлэхдээ, “Цаашид ХДХВ, ДОХ-ын асуудалд хүний эрхийг хүндэтгэж авч үзэх нь чухал. ХДХВ, ДОХ-той хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчинтой улс орнуудад уг халдварын тохиолдол сүүлийн жилүүдэд тогтвортой буурч байна. ХДХВ-ээс үүсэлтэй ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолоос болж халдвартай хүмүүс эмчилгээ, оношилгоонд тэр бүр хамрагдаж чадахгүй байна” гэв.

 Мөн тэрээр “Монгол орон бол ХДХВ-ийн халдвараас үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг бууруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчноо сайжруулсан Ази номхон далайн бүсийн 10 орны нэг. Иймд шинэчилсэн хууль, бодлогуудын хэрэгжилтийг дэмжиж, хяналт тавин ажиллах нь чухал байна” гэлээ.

Энэхүү хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, НҮБ-ын ХАС-ын суурин төлөөлөгч Noami Kitahara, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ДЭМБ, Глобаль сан болон төрийн бус байгууллагын холбогдох хүмүүс оролцов.

 alt

 ХДХВ/ДОХ-оос сэргийлэх арга хэмжээ нь бусад халдварт өвчинтэй харьцуулахад нилээн онцлогтой байдаг бөгөөд улсын хэмжээнд хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барих, өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд халдварын тархалтыг зогсооход чиглэж байна.

 ХӨСҮТ нь дэлхийн стандартад нийцсэн  ХДХВ, ДОХ-ын  лабораторийн багажийг тусламж үйлчилгээндээ ашиглаж байгаа нь оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээгээрээ дэлхийн орнуудтай нэг жишигт үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсад 2013 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 149 тохиолдол бүртгэгдсэн.