Зайсан орчмын бүсэд барилга угсралтын ажлууд эхэлж, хүнд даацын машин, механизм зорчих шаардлага үүссэн тул зарим замыг 23:00-06:00 цаг хүртэл эсрэг урсгалтай болгохоор болжээ. 

Энэхүү өөрчлөлт хэзээ дуусах нь тодорхойгүй байгааг нийслэлийн "Хангарди" ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр албаныхан мэдээлэв. 

Хурлын үеэр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан "Зайсангийн нэг чигийн хөдөлгөөнтэй болсноос хойш таван сар боллоо. Уг зохицуулалтыг хийх үед хүйтний улирал байсан. Одоо барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан тус замаар хүнд даацын машин, механизм явж байгаа.

Үүнээс болж замын эвдрэл үүссэн. Тухайн зам нь гурван метрийн гүн шавран бүтэцтэй, стандартын бус байсныг өмнө хэлж байсан. Хүүхдийн хичээлийн амралт эхлэхээр замын засварын ажлыг эхлүүлэхээр тооцоолсон" хэмээв.

Замын хөдөлгөөний зохицуулалтын талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд "Хөдөлгөөн зохицуулалтын газрын хэрэгжилтийг өнөөдөр, маргаашаас эхлэн хангаж ажиллана. Замын тэмдэг, тэмдэглэгээг баримтлан хөдөлгөөнд оролцохыг иргэдэд анхааруулж байна.

Ямарваа нэг хэлбэрээр байгууллага, ААН-үүдэд тусгайлан зөвшөөрөл олгогдохгүй.

Мөн Зайсангийн зүүн талын замын засварын ажил эхэлж байгаа учир найман тонноос дээш даацтай ачааны автомашиныг зорчуулахгүй байх хязгаарлалт тогтоосон. Энэхүү хязгаарлалт өнөөдрийн 23:00 цагаас эхлэн мөрдөгдөнө. Замын засварын ажил дуусахаар хэвийн горимд шилжинэ" гэдгийг хэлсэн юм.