Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгох Засгийн газрын шийдвэр 2021 онд гарсан байдаг.

Уг барилгын ажил дуусаж, ашиглалтад орох дөхсөн байна. Тус байгууллагын захирлын үүрэг гүйцэтгэгчээр хошин урлагийн жүжигчин Н.Ариунболдыг өнгөрсөн онд томилжээ.

Театрын захирлын сонгон шалгаруулалт явагдсан байна. Энэ талаар Соёлын яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Тус театрын захирлын албан тушаалд өрсөлдөж, төрийн албаны шалгалт өгөхөөр хоёр хүн бүртгүүлж нэг нь татгалзсан тул Н.Ариунболд шалгалтад орсон.

Төрийн албаны соёлын салбарыг хариуцсан салбар зөвлөлөөс Төрийн Албаны Зөвлөлийн/ТАЗ/ 25 дугаар тогтоолд заасны дагуу шалгалт авч, Н.Ариунболд 60-аас дээш оноо авсан. Шалгалтын дүнг ТАЗ баталгаажуулна. Мөн тэрбээр хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгөөд байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Төрийн Албаны Зөвлөлийн 25 дугаар тогтоолд нийт авбал зохих оноо 100 байх бөгөөд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцно гэжээ.

Хүүхэд, залуучуудын театрыг 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж байгаад 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байна.

Уг театр Сүхбаатар дүүрэг, хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн замын эсрэг талд одоогийн ХААН банкны байршилд байжээ.