Авлигыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Авлигатай хийх тэмцлийг Авлигатай Тэмцэх Газар(АТГ) хэдэн хүнийг барьж, хорьж, шүүх хэдэн хүнд ял шийтгэл оногдуулав гэх мэтээр явцуу үзүүлэлтүүдээр дүгнэх нь зохимжгүй гэдгийг гадаадын эрдэмтэн, судлаачид хэлж байна. 

Транспэрэнси дээр үнэлгээгээ ахиулахаар ажлын хэсэг гаргаад тодорхой хугацаа өнгөрлөө. Энэхүү үнэлгээ нь 13 шалгуур үзүүлэлттэй. Нэг шалгуур үзүүлэлт нь олон зөвлөмжтэй. Тухайлбал, Дэлхийн Банкны нэг шалгуур үзүүлэлт дээр гэхэд 49 зөвлөмжийг бидэнд өгсөн. 

Бид эдийн засгийн салбарт ил тод байдлыг бий болгох, хувийн сектор хөгжих эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхэд Засгийн газар болон парламентын бодлогыг чиглүүлэх нь авлигатай хийх тэмцлийн хамгийн том арга хэмжээ.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг бизнес хийхэд учирч буй эрсдэлийг бууруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчигдсөн эрх ашгийг сэргээн тогтоох процесс зэрэг энэ бүх үзүүлэлтийг дээшлүүлж байж авлигатай хийх тэмцэл үр дүнд хүрч, CPI буюу авлигын төсөөллийн индекс сайжирна, Монгол Улсын дотоод нийт бүтээгдэхүүн өснө" гэлээ.

Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсын хууль сахиулах байгууллагын удирдлагууд манай улсад ажиллаж байна. Нүүрсний гэх хэргийг АТГ-ын мөрдөгчид шалгахад БНСУ руу зургаан сая орчим ам.доллар шилжүүлснийг илрүүлсэн юм.

Энэ мэтчилэн мөрдөн шалгагдаж буй асуудлаар БНСУ-ын талтай хэрхэн хамтран ажиллах талаар сайд Х.Нямбаатараас тодруулахад "Хоёр улсын хууль сахиулах байгууллагын төлөөлөл уулзаж байна. Энэ ажил жичтэй яригдана. Одоогоор тодорхой тооны хүнийг шилжүүлж авах ажиллагаа яригдаж байна. БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны төлөөлөлтэй мөн уржигдар уулзалт хийсэн. Энэ чиглэлийн ажлууд бий" хэмээв.