УИХ-аас Нүүрсний түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-нд зургаан сарын хугацаатайгаар байгуулж байв. Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалсан.

Түр хорооны “томилолт”-ын хугацаа дуусаж, дахин зургаан сараар сунгаж ажиллуулах тогтоолыг УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасан. Улмаар маргааш нь буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд Засгийн газар нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгох шийдвэрийг гаргасан. Ингэж Нүүрсний түр хорооны үй ажиллагаанд ямар нэг саадгүй болсон юм. Түр хорооны хийх ёстой хамгийн том ажил нь Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол байв. Түр хороо 2023 оны гуравдугаар сарын 20-нд хуралдаж, нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 10-нд хийхээр товлосон. Гэтэл товлосон хугацаанаасаа долоо хоногийн өмнө дахин хуралдаад, нээлттэй сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг. Ингээд нийгэмд эргэлзээ үүсэж эхэлсэн. Тодруулбал, “...Г.Ганболдын ахалсан энэ Түр хороо нээлттэй сонсголыг хийхгүй юм байна” гэсэн итгэл үнэмшил сууж эхэлсэн. Г.Ганболдын хэвлэлээр өгсөн мэдээллүүд ч үүнийг нотлоод эхэлсэн. Ингэсээр Түр хорооны хоёр дахь хугацаа гурван долоо хоногийн дараа дуусах гэж байна. Гэвч олон нийт “...УИХ нээлттэй сонсголыг хэзээ хийх вэ” гэсэн хүлээлттэй хэвээр байна. Гэхдээ УИХ дээр энэ асуудал яригдаж буй аж. Нүүрсний Түр хороог шинэчлэн байгуулах бололтой. Ингэхдээ бүрэлдэхүүнд нь өмнөх шиг нүүрсний асуудалд нэр холбогдсон гишүүдийг оруулахгүй гэнэ.

Хамгийн гол нь Түр хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж магадгүй юм байна. Хэдийгээр энэ нь албан биш ч УИХ-ын гишүүдийн дунд нэлээд “тархац”-тай яригдаж байгаа юм. Тиймээс удахгүй хугацаа нь дуусахаар Түр хороог шинэчлэн байгуулж, тэр нь нүүрсний нээлттэй сонсголыг хийх нөхцөл бүрдэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин