Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Тус айлчлал нь Франц улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

Хоёр улсын харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцоно.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд францын талтай хамтран ажиллах талаар мөн ярилцаж, хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгнө гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.