УИХ-д суудалтай улс төрийн гурван намын дарга нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар зөвшилцөж шийдвэр гаргажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ХҮН намын бүлгийн дарга Т.Доржханд "Улаанбаатар хотоос сонгогдсон нэг гишүүн дунджаар 100,000 хүнийг, орон нутгаас сонгогдсон гишүүн 25,000-30,000 хүнийг төлөөлж байгаа. Цаашид манай улсын хүн ам нэмэгдэнэ.

Хэрвээ Ардчилсан Нам болон эрх барьж байгаа МАН-ын зүгээс гишүүдийн тоог 126-гаас доош буулгана гэвэл 76-г өөрчлөөд ч нэмэргүй. Мөн 76 гишүүн 126 болсон тохиолдолд одоогийн төсвийг өсгөхгүй байя гэдэг дээр улс төрийн намын бүлгүүд тохирсон. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэг гишүүн сард 10 сая төгрөгийн зардалтай бөгөөд жилд 10 тэрбум төгрөгийн зардал гаргаад байгаа юм. Үүнийг энэ хэмжээнд нь барих нь чухал. Мөн нэг гишүүн дэргэдээ нэг туслах, нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгч байдаг бөгөөд үүнийг хязгаарлах шаардлагатай гэдгийг бүлгүүд дэмжсэн. 

Нэр дэвшигчдийг жагсаалтаар сонгогдох асуудлыг зарим иргэн буруу мэдээлээд байна. Хамгийн нэр хүндгүй, хулгай хийдэг, худлаа ярьдаг улс төрчид намын жагсаалтын ард нуугдах гээд байгаа гэдэг хардлага үүсжээ. Иймд жагсаалтад нэр цэвэр хүнийг оруулах санаачилгыг ХҮН намын зүгээс гаргаж, МАН-ын хүлээж авсан. Ардчилсан Нам санамж бичгийг хүлээж авна гэдэгт итгэж байна.

Жагсаалтад орох нэр дэвшигчдэд тавигдах шалгуур үзүүлэлтийг өндрөөр тогтоосноор иргэдийн итгэл үнэмшил нэмэгдэнэ гэсэн агуулгаар ярьсан" хэмээн мэдээлэв.