Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2019 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суух 12 настай охиныг хүчиндсэн Э.Баяржаргал гэгч хил гаран зугтжээ. Тодруулбал, тэрбээр хэрэг үйлдэнгүүтээ буюу цагдаагийн байгууллага шалгаж эхлэхээс өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор хил гарсан байна.

Бага насны хүүхэд хохирсон хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж, хэрэг үйлдсэн этгээд Э.Баяржаргал болохыг нотлох баримтуудаар тогтоосны үндсэн дээр олорн улсын Интерполын “олон нийтэд аюултай этгээд” гэх эрэмбэ буюу “улаан бүс” хэсэгт нээлттэй эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байжээ. Мөн Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээн дэх “Шувуу” ажиллааны “эрэн сурвалжлагдах хүмүүсийн жагсаалт”-д түүний нэрийг оруулан, эрэн хайж байсан байна.

Харин Э.Баяржаргал гэгч 2023 оны тавдугаар сарын 19-ны өдөр Турк улсаас Монгол Улсад орж ирсэн мэдээлэл бүртгэгдэж, тухайн этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь дайчлан баривчилжээ. 

Түүнийг үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлж, шүүхчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийг мөрдөн шалгаж байна.