Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар тус дүүргийн танилцуулав.

Засаг дарга Н.Алтаншагай "Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт 268 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан. Үүнээс сургуулийн 15 барилгын ажил байгаа юм. Тодруулбал, үндсэн барилга долоо, өргөтгөл хоёр, бага сургууль зургаа байна. Эдгээрээс энэ жил есийг нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд суудлын тоо 4,660-аар нэмэгдэнэ.

Он дамжин хэрэгжих 28 цэцэрлэгийн барилгын ажил байгаагаас энэ онд 12 нь ашиглалтад орж, орны тоо 1,875-аар нэмэгдэх юм.

Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил 2018 оноос эхэлсэн, энэ ондоо ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус театр нь 850 хүний суудалтай.

Мөн 126 айлын түрээсийн орон сууцны ажил үргэлжилж байгаа, энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна. Мөн шинээр хороо нэмэгдсэнтэй холбоотойгоор байргүй хороо олон байгаа тул үүнийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай"-г хэлж байлаа.

Дүүргийн хэмжээнд 1,400 орчим гарааш чөлөөлсөн бөгөөд зургаан талбайд тохижилт хийжээ. 

Хүүхэд залуучуудын театрын захирлаар хошин урлагийн жүжигчин Н.Ариунболдыг томилоод байгаа тухай мэдээлж байв.