Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) бөхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллага, үзэгчидтэй нээлттэй уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Энэ үеэр цагаан сарын барилдаанд дөрөв давсан 16 бөхийн допингийн шинжилгээний мэдээллийг улсын заан, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав танилцуулав. 

Тэрбээр "Хоёрдугаар сарын 20-ны битүүний өдрийн барилдаанд дөрөв давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Эдгээр бөхийн хариу болох 33 хуудас материал дөрөвдүгээр сарын 5-нд ирсэн.

Цагаан сарын барилдаанд дөрөв давсан 16 бөхийн нэг болох улсын арслан Э.Оюунболдоос оксандролон болон метандиенон гэх S1 бүлгийн анаболик стероидын дээрх хоёр бодис илэрсэн.  

Тус шинжилгээнд бүдэрсэн бөхөд Б сорьцыг шинжлүүлэх эсэхээ 14 өдрийн дотор мэдүүлээрэй гэж тухайн өдрөө мэдээлэл хүргүүлсэн. Утсаа аваагүй учраас зурвасаар мэдээлэл өгсөн. Маргаашаас утас нь холбогдоогүй. Шинжилгээний хуудас дээрх гэрийн хаягаар гурван удаа очиход хүн байгаагүй.

Дөрөв дэх удаа буюу тавдугаар сарын 7-ны өдөр гэрт нь очиж шинжилгээний хариуг өгч гарын үсэг зуруулсан. Тавдугаар сарын 7-ноос хойш 14 хоногийн хугацаанд Б сорьцыг дахин шинжлүүлэх эсэхээ хэлэх ёстой. Гэтэл дээрх хугацаанд нэг ч удаа хариу өгөөгүй учир мэдээллийг нь ил болгож байна. 

Бөхийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс ирж уулзах болов уу гэж хоёр сарын хугацаанд хүлээсэн боловч ирээгүй" хэмээн ярилаа.