Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбох хил холболтын төмөр замын ТЭЗҮ, барилгын ажлын зураг төслийг боловсруулахаар болжээ. 

Уг асуудлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Төмөр замын зураг төслийн корпорацтай өнөөдөр гэрээ байгууллаа. 

Ингэснээр Хятадын төмөр замын компанийн боловсруулсан зураг төслийг үндэслэж, барилгын ажил эхлэх нөхцөл бүрдэх юм байна.

Энэ үеэр "Тавантолгой төмөр зам" ХХК дахь Засгийн газрын Онцгой Бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар "Нээлттэй тендерт шалгарсан тус компани хоёр сарын хугацаанд ТЭЗҮ-ийг, дөрвөн сарын хугацаанд барилгын ажлын зураг төслийг бүрэн боловсруулах үүрэгтэй. Гэрээний дагуу ирэх Даваа гарагаас ажил эхлэх бөгөөд арванхоёрдугаар сарын эхэнд иж бүрэн ажлын зурагтай болно. Улмаар 2024 оны хавраас бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой" гэдгийг мэдээлэв.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосноор одоо хэрэгжүүлж байгаа төсөл бүрэн утгаараа хэрэгжих боломжтой. Тухайлбал, жилд 30 сая тонн хэмжээний ачааг зөөх боломж бүрдэх аж.

Түүнчлэн ЗТХЯ-наас нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахдаа төсөвт өртгийг 20 тэрбум төгрөгөөр тооцжээ. Харин БНХАУ-ын Төмөр замын зураг төслийн корпорац 16.3 тэрбум төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэх боломжтой хэмээн саналаа ирүүлж шалгарснаар, ийнхүү гэрээ хийсэн байна. 

Тус сонгон шалгаруулалтад БНСУ, БНХАУ, Монголын нийт 10 гаруй компани оролцжээ.