Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв. 

Тавдугаар сарын байдлаар дэлхийн хэмжээнд 766 сая гаруй хүн коронавируст халдвараар өвдөж, 6.9 сая гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Харин сүүлийн долоо хоногт 2.3 сая хүн өвчилсөн мэдээлэл байгаа юм.

Эдгээр батлагдсан тохиолдлыг өмнөх долоо хоногтой харьцуулахад 21 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч зарим бүс нутагт нэмэгдсэнийг ХӨСҮТ-ийн тархвар судлаач Т.Ууганжаргал хэллээ. 

Тэрбээр "Манай улсад бүртгэгдэж буй коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулъя. Тавдугаар сарын 13-19-ний хооронд нийт 664 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулбал өссөн үзүүлэлттэй байгаа.

Тодруулбал, өвчлөл нийслэл хот болон Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар аймагт нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1.4 хувь нэн хүнд, 78.5 хувь хүндэвтэр байгаа бол 13.1 хувийг хөнгөн зэрэгтэй өвчлөл эзэлж байна.

Сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн өвчлөлийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Тийм учраас олон нийтийн газарт явахдаа амны хаалт зүүж хэвших, гар угаах, зай барих гэх мэтчилэн энгийн дүрмийг дагаж мөрдөхийг зөвлөе.

Хэрэв халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө олон нийтээс тусгаарлах үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ. 

Мөн "Дэлхийн улс орнуудад тавдугаар сарын 21-ний байдлаар 25,000 орчим сорьцын шинжилгээ хийж, хувилбарын тандалтыг явуулжээ. Үүний дүн мэдээллээс харахад,

  • Коронавируст халдварын омикроны XBB 1.5 дэд хувилбар 42 хувь
  • Коронавируст халдварын XBB 1.16 дэд хувилбар 13 хувьд нь буюу дийлэнх хувийг эзэлж байгаа юм. 

Сүүлийн долоо хоногийн байдлаар Хятад, Солонгос, Япон улсад 3,000-165,000 орчим коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн байна" гэдгийг хэлэв.