Монгол туургат улсуудын дундах “Пентатоник” наадмын санаачлагч Бүгд Найрамдах Халимаг Улсын СГЗ, төрийн шагналт хөгжмийн зохиолч Аркадий Манжиев нь Халимаг улсдаа төдийгүй ОХУ-ын хөгжмийн урсгалд өөрийн гэсэн өвөрмөц гахалтай аялгуугаараа сая сая шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан дуу зохиох, дан хөгжмийн зохиол туурвих, драмын жүжгийн хөгжим бичихийн зэрэгцээ  төрөл бүрийн хөгжимд зориулж аяз, симфони бичдэг авъяаслаг уран бүтээлч юм.

Тэрбээр Монголд ирж “Дээдсийн өлмийд мөргөм үү!”  хэмээх амид шоу тоглолтоо хийх гэж байна. Өөрийнхөө үүсгэн байгуулсан “Халимаг” амид хөгжмийн хамтлагтайгаа хамт ирэх бөгөөд тус тоглолтонд  түүний дууг дуулсан “Чингис хаан” хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, “3 бүдүүн”,  Дуучин Бобо зэрэг Монголын хамтлаг дуучид оролцохоос гадна Өвөр Монголын Торгууд дуучин Халин, Хятад улсын этник язгуур урлагийн “Жалам хар” зэрэг хамтлаг, дуучид  урилгаар оролцон, тоглох юм байна.

Тэд элэг нэгт Монгол ахан дүүстээ зориулан Монгол талаас ивээн тэтгэгчгүйгээр өөрсдийн зардлаар Монголд ирж ҮНЭГҮЙ хүндэтгэлийн амьд тоглолт тоглох болсноороо онцлог юм.

Тоглолтын хуваарь:

  • 6 сарын 10-нд Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа амилна.
  • 6 сарын 15-нд Чингисийн талбайд задгай шоу тоглолт тус тус тоглогдохоор хуваарьтай зэхэгдээд байгаа юм байна.

Дашрамд дуулгахад Халимаг улсын ард түмэн Монголчууд бидний нэгэн хэсэг байсан гэдэг утгаараа үргэлж мөнхийн Монгол гэсэн сэтгэл зүрхтэйгээр өнөд мөнх оршиж байгаа улс юм. Тэдний Монголд тоглолт хийж байгаа нь Монгол ард түмэнтэйгээ илүү ойртож, дотносоход гол зорилго нь оршиж байгаа ажээ.