Амралт зугаалгын улирал эхэлж, иргэд санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол ихсэж байна

Баян-Өлгий аймаг, Бугат суманд 6 хүн зугаалж явсанаас Ховд голын усанд 2 хүн ороод 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 06 дугаар сарын 11-ний өдрийн 19:25 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д/26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 06 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагаас мөн өдрийн 21:50 цаг хүртэл Бугат сумын 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас 4 дүгээр багийн “Шар нуур” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар 27 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Мөн Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Тэрэлжийн “Туул” голын усанд 1 хүний цогцос хөвж байна гэсэн дуудлагыг 06 дугаар сарын 18-ны өдрийн 10:28 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 14 км замыг туулан 11:28 цагт очиход иргэн Ш /62 настай, эрэгтэй, Налайх дүүргийн харьяат/-ийн цогцос голын усанд хөвж байсныг 5 минут ажиллан гаргаж, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.