Монголын рок попын нэрт хамтлаг, ард түмний хайртай уран бүтээлчид болох “Хурд” хамтлагийнхан маргааш буюу зургадугаар сарын 17-ны 19:00 цагаас “UB палас”-т ганцхан удаа тоглох гэж байна.

Гэхдээ “Хурд”-ынхан үзэгч фенүүддээ ердөө 15-хан мянган төгрөгөөр ая дуугаа өргөх аж. Учир нь “Хурд” хамтлагийнхан хайрт аавынхаа нутгийн ойд зориулан ийнхүү тоглолтоо хийхээр болжээ.

“Хурд”-ыхны аав нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул бөгөөд тэд нутгийнхаа ойн баярт зориулсан “Нутгийн уянга” хандивын тоглолтыг ийнхүү зохион байгуулж байгаа юм байна. Тэрбээр Өлзийт сум өдгөө 90-н насныхаа сүүдэртэй золгож байгаа бөгөөд нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агснаас эхлээд олон алдартныг төрүүлсэн өлгий нутаг билээ.

Баянхонгор, Өлзийт төдийгүй Монгол түмний хайртай уран бүтээлчид ийнхүү нутгийнхаа ойн баярт хүчин зүтгэхийнхээ зэрэгцээ “Нутгийн уянга” тоглолтонд УГЖ А.Бүтэд, Г.Эрдэнэбат, Х.Үнэнхүү, СТА У.Болдбаатар нарын уран бүтээлчдыг тоглолтондоо урьснаа дуулгалаа.

Мөн үүгээр ч зогсохгүй шинэ залуу уран бүтээлчид, хамтлагууд ч уран бүтээлийнхээ дээжээс өргөх гэнэ. Тоглолтуудын хөл татарсан энэ үед алдарт “Хурд” хамтлагийн тоглолтыг 15-хан мянган төгрөгөөр үзээд авахад илүүдэх юун.