УИХ-ын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар  “Нүүрсний”  түр хороог шинээр байгуулах ажлын хэсэг байгуулсан тухай мэдэгдээд сонсголыг ирэх намар зохион байгуулахаар болсон талаар ярилаа.    Тэрбээр "Ажлын хэсгийн үйл ажиллагаа энэ зун ч үргэлжлэх учиртай. Улмаар энэ намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг УИХ-д тайлагнахыг үүрэг болгож байна" гэв.

Хаврын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.

Ингэснээр төрийн зарим өндөр албан тушаалтан, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүдийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг болон төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглосон агуулга бүхий заалтууд орсон болохыг тэрбээр тодотгов.