Сонгууль ойртлоо. Намууд том, жижиггүй бужигнаж эхэлсэн. Харин АН-ынхан л "тайван" байна. Тэд эвлэж нэгдэхдээ яарахгүй, эсвэл учраа олцгоохгүй л байх шиг...

Учир нь АН-д шинэ фракц, хөдөлгөөнүүд мэндэлсээр байгаа юм. Тэдний нэгээр Х.Тэмүүжиний "1Б" фракцыг нэрлэж болохоор байна. Тэрбээр Лу.Гантөмөртэй хамт "Нэг Ардчилал" буюу "1А" фракцыг босгож, төдийгөөс өдийг хүртэл ноён нурууных нь нэг болж ирсэн юм. Х.Тэмүүжин өчигдөрийг хүртэл Лу.Гантөмөрийн ар тал болж байв.

Х.Тэмүүжин ингэж салснаар Лу.Гантөмөрийн үед АН дотор "70-аад оныхон" хүчээ авах боломжгүй болж байна. Тэгэхээр АН-ын "ах нар" хүчтэй хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар Лу.Гантөмөрт нөлөөтэй, АН-д ноёрхлоо хадгалж хоцорно гэсэн үг.

Тэгээд ч одоохондоо хоёр "экс"-ийг тойргоос гаргаж шидэх хүч хийгээд хүсэл зориг АН-ын дарга Лу.Гантөмөрөөс гарахгүй. Тэрбээр Х.Баттулгад ч, Ц.Элбэгдоржид ч өртэй, бас нээнтэгтэй. АН-ын дарга болохдоо аль алинаас нь том дэмжлэг авчихсан. Ийм яриа, мэдээлэл бий.

Гэхдээ "экс"-үүд хоорондоо тэрсэлдэж  түүний хоёр талаас зуурчихаад улс төр хийгээд байгаа талаар яригддаг. Сая наадмын өмнө Ц.Элбэгдоржийн талаас АН-ын шинэ, хуучин фракцуудыг цуглуулж, "Grand meeting" уулзалт зохиосон. Гол зорилго нь тэр уулзалтад ирсэн фракцын толгойлогч нар Ч.Өнөрбаярыг АН-ын генсекээр хүлээн зөвшөөрөх ёстой байжээ.

Тэр нь ч ёсоор болсон бололтой. Ингээд 2023 оны долдугаар сарын 8-нд энэ асуудлыг шийдэх ҮБХ-гоо хуралдуулахаар товлосон байгаа юм. Гэтэл Х.Баттулга элч довтолгож "...Би генсект өрсөлдөнө. Цаашлаад намын даргад ч үзнэ" гээд хэлүүлчихжээ. Түүнээс болоод ҮБХ-ны хурал хойшилсон байна. Мөн наадмын үеэр Х.Баттулга намаасаа тусдаа МоАХ-ны наадмыг зохион байгуулсан. Энэ мэтээр, өөр бусад мэдээллээр "экс"-үүд АН дахь эрх мэдлийн төлөө хоёр талд "өрсөлдөж" харагддаг байв. Харин саяхнаас мань хоёр нийлээд "тоглож" эхэлсэн бололтой. С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Ц.Баатархүү нар нийлчихсэн "АН-ын Их хурлын төлөө" хөдөлгөөн байгуулжээ. Хоёр "экс"-т харьяалагддаг залуус нийлсэн нь санамсаргүй, эсвэл тэд толгой мэдэж шийдсэн хэрэг биш бололтой. Тиймээс тэднийг нийлсэн гэх яриа улс төрийн хүрээнд, ялангуяа АН дотор яригдаад эхэллээ.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин