Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн улмаас 105 машин үерт урссан гэх тоон мэдээлэл гарсан.

Мөн долдугаар сард Сэлбийн далан сэтэрснээс болж тэр орчмын гараашин дахь машинууд бүхэлдээ усанд автсан. 
Нийслэлийн засаг дарга уржигдар хийсэн мэдээллийнхээ үеэр "Баянзүрх дүүрэгт болсон үерт урссан машинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулна" гэж хэлсэн юм.

Түүнчлэн Сэлбийн үерт өртсөн иргэдийн хохирлын хэмжээний үнэлгээ хийгдэж байгаа ба эхнээсээ УОК, НОК дээр нэгтгэгдэж байгаа аж.

Уг хоёр үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг нэгтгэж хуулийн дагуу хохирлыг барагдуулах арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Жолооч автомашиндаа учирсан хохирлоо хэрхэн барагдуулах вэ?

Үерт өртсөн автомашинд учирсан хохирлыг даатгалаар хэрхэн барагдуулах талаар Монголын даатгалын холбооноос тодруулахад дараах мэдээллийг өглөө. 


Жолооч бүр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах ёстой байдаг. Уг даатгалаар зөвхөн зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Харин машинд үүссэн хохирлыг барагдуулах зохицуулалт байхгүй.

Жолооч өөрөө сайн дураараа даатгалын компанид машинаа даатгуулсан тохиолдолд автомашиндаа учирсан хохирлынхоо тодорхой хэмжээг авах боломжтой юм.

Албан журмын даатгалд 650,000 гаруй тээврийн хэрэгсэл даатгуулсан байдаг бол сайн дурын буюу автомашины даатгалд энэ оны эхний хагаст 60,000 тээврийн хэрэгсэл хамрагджээ. 

Ямар эрсдэлийг сонгож автомашинаа даатгуулах нь жолоочийн сонголт. Эрсдэл нэмэгдэх тусам хураамж нэмэгдэнэ

Автомашины даатгал нь дотроо осол гэмтэл, хулгайд алдагдах, галд шатах, ус чийгт автах зэрэг эрсдэлийн олон төрөлтэй байдаг бөгөөд дээрх 60,000 тээврийн хэрэгслээс яг хэд нь үерийн эрсдэлийг сонгож даатгуулсан нь тодорхойгүй юм. 

Учир нь аль эрсдэлийг сонгож даатгуулах нь жолоочийн өөрийн сонголт. Олон эрсдэлийг сонгох тусам даатгалын хураамж нэмэгддэг байна. 

Автомашин 70 болон түүнээс дээш хувийн эвдрэл гэмтэл авсан бол тухайн машиныг шинээр сольж өгөхөөс өөр аргагүй. Түүнээс доошоо буюу жишээ нь ус, шавар шавхай орсон байвал даатгалын компани хохирлын үнэлгээг гэрээний дагуу тооцож хийдэг аж. 

Түүнчлэн даатгалын компаниуд үерийн эрсдэлийг сонгож даатгуулсан ус, үерт автсан тээврийн хэрэгслийн эзэнд нэн тэргүүнд 1,000,000 төгрөг олгож үргэлжлүүлэн нөхөн төлбөрийг шуурхай олгож ажиллах тохиролцоонд хүрсэн талаар Монголын даатгалын холбооноос мэдээллээ.

Жолооч автомашиныхаа хохирлыг бүрэн барагдуулах хүртэл бичиг баримт хөөцөлдөхөөс эхлээд олон ажил гардаг тул ийнхүү эхний ээлжид 1 сая төгрөг урьдчилан өгч үргэлжлүүлэн нөхөн төлбөрийг тооцож олгож байхаар шийдвэрлэсэн байна. 

Энэ оны эхний хагаст сайн дурын даатгалд хамрагдсан тээврийн хэрэгслийн хохиролд даатгалын компаниуд 14 тэрбум гаруй төгрөгийг олгож ажилласан байна.