Худалдаа Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд өнөөдөр Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ. 

АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат "Манай намын хувьд дөрвөн байрны асуудал яригддаг. АН 2012 онд хамтарсан Засгийн газар байгуулсан. 2013 онд намынхаа байрыг шинэчилнэ гэж Худалдаа Хөгжлийн банктай гэрээ хийж, байраа тус банканд өгч буулгуулж байсан. Түүнээс хойш 10 жил боллоо. 

Намын өмч хөрөнгө байрны тухайд ямар ч эзэн алга. Дандаа маргаантай явж ирсэн асуудал. Сүүлийн гурван жилийн турш бид Худалдаа Хөгжлийн Банктай шүүхийн маргаан үүсгэх гэж оролдсон. Тэр болгонд шүүхээс АН-ыг төлөөлөх хүн алга, маргаантай байна гэдэг хариуг өгдөг. Гэрээний дагуу бол 25 давхар, хурлын заалтай, залуучууд нь цугладаг, үзэсгэлэн гаргадаг, мэтгэлцээн явуулдаг, бодлогын судалгааны байруудтай АН-ын байр баригдах хугацаа өнгөрөөд таван жил болж байна. 

Намын ялагдалд энэ бүхэн нөлөөлсөн гэж бид харж байгаа. Яагаад гэвэл нэгдсэн байргүй, гишүүд нь цуглах газаргүй. Нам гэдэг чинь үнэт зүйл, оюун санаа, бодлогын мэтгэлцээний төв байдаг. Гэтэл намын байргүйгээс болоод нэг нь нэг байр түрээслээд л түүнийгээ АН-ын байр болгочихдог. Энэ асуудлыг намынхаа дотор ярихад байраар яах юм бэ, Худалдаа Хөгжлийн Банкны зөв гэсэн бүлэглэл ч байна. АН-ын эд хөрөнгийг дээрэмддэг, намыг хүчин мөхөс байлгах зорилготой. АН сөрөг хүчин байх, эрх баригчдын өөдөөс үг хэлэхийн эсрэг зохион байгуулалттай бүлэглэл АН-д үүссэн байна. 

2020 оны сонгуулийн дараа намын эд хөрөнгийг хүлээж авсан хүмүүс одоо болтол намын даргад хүлээлгэж өгөөгүй. Шонхор тауэрээс 40 компьютер, 30 автомашин, намын архив, дуу бичлэгүүд гээд биет болон биет бус өмчийг авч явсан. Гурван жилийн турш намын энэхүү эд хөрөнгийг Лу.Гантөмөр даргад хүлээлгэж өгөөгүй байна. АН-ынхан намынхаа өмч хөрөнгийг хамгаалж чадахгүй байж яаж иргэдийн эрх ашиг, бизнес, өмчийг хамгаалах юм бэ?" хэмээв. 

"Худалдаа Хөгжлийн Банк АН-ын байр барих газрыг булаан, намыг хүчгүйдүүлж, дээрэлхэж байна"

Түүнчлэн "Худалдаа Хөгжлийн Банк гэрээний үүргийг биелүүлэхгүй байсаар таван жил боллоо. Тус банкнаас АН-ын 25 давхар байр барина гэж байсан газраа эргүүлж авмаар байна. Тэндээ залуучууд нь өөрсдөө хөрөнгө босгоод АН-ын байрыг баримаар байна. Менежментийг нь сайжруулбал байр барих асуудал биш. Худалдаа Хөгжлийн Банк АН-ын байр барих газрыг булаан, намыг хүчгүйдүүлж, дээрэлхэж байна.

АН-ын байрыг барьж өгнө гэсэн банк 10 жил гэрээний үүргээ гүйцэтгэсэнгүй. АН 2-3 газарт байр түрээсэлсэн. Үүнийг болон АН-ын нураагдсан байрны өртгийг бид тооцоолж байгаа. Талбайн хажуу талын 1,000 орчим мкв-тай бай өнөөдөр бараг хамгийн багадаа 10 тэрбум төгрөгт хүрнэ. Хотын А бүсэд байгаа газар нь хэдэн төгрөг болох вэ? А бүсэд байгаа газрыг авахын тулд АН-ынхныг 10 жил гудамжны тэнүүлч шиг явууллаа. 

Сүүлийн найман жил АН ялагдлаа. Гурван жилийн турш дотоод маргаантай байлаа. Энэ бүхэнд Худалдаа Хөгжлийн Банк нөлөөлсөн. Тус банкны удирдлагуудтай уулзаж, гарч ирэхгүй бол улс төрийн хүчтэй акц өрнүүлнэ" гэдгийг хэллээ.