Боловсролын багц хууль энэ оны долдугаар сард шинэчлэгдэн батлагдсан.  Хуулийн суралцагч, багштай холбоотой зарим заалтыг хүргэж байна.

Суралцагчийн эрх, үүргээс

  • 5 настай хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд заавал хамрагдана. Ингэснээр ерөнхий боловсролын сургуульд ижил түвшний мэдлэг, ур чадвартай суралцагч элсэж, нэг гараанаас ижил тэнцүү суралцах боломж бүрдэх юм.
  • Өсөлт, хөгжил, эрүүл мэндийн болон бусад шалтгаантай суралцагч 7 настайдаа сургуульд элсэх боломж бүрдэв.
  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа монгол хэл дээр явагдана. Гадаад хэлний тухайд эхний сонголт англи хэл байх юм. Бусад хэл судлах боломж нээлттэй.
  • Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцах хугацааг 3 жил байхаар хуульд тусгаж, сургууль болон ажлын байранд хосолсон хэлбэрээр суралцана.
  • Багц цагийг дүйцүүлэн тооцож, шатлан суралцах боломжийг бүрдүүллээ. Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага төгсөөд дээд боловсролын байгууллагад ЭЕШ-гүй элсэнэ.
  • Дээд боловсролын байгууллагад суралцагч ижил түвшний бусад сургуулийн хичээл болон багшийг сонгон суралцаж болно.
  • Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, зээл олгоно.
  • Боловсролын бусад түвшний хөтөлбөрийг зэрэгцсэн болон дараалсан байдлаар шатлан суралцаж болно.
  • Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамрагдахгүй байх
  • Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна.

Багшийн эрх, үүргээс

  • Эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан орчин, нөхцөлд хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй.
  • Хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих
  • Суралцагчийн төлөвшил, хувийн зан чанарыг судлах, сонирхол, сайн тал, авьяас, чадварыг илрүүлэх, хөгжүүлэн дэмжих
  • Суралцагчаа хүндэтгэх, бие даасан байр суурь, үзэл бодол, онцлог байдлыг нь хүлээн зөвшөөрч зөв хандлагаар чиглүүлж, хөгжүүлэх
  • Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч болон бусад ажилтанд ажлын 15 өдөр, багш, багшийн туслах, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгох;
  • Суралцагчийн эрхийг зөрчих болон сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох, багш, удирдах ажилтан хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулах үйлдэл гаргахгүй байх
  • Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багш нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах
  • Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах 
  • Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч болон бусад ажилтанд ажлын 15 өдөр, багш, багшийн туслах, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

 

Боловсролын ерөнхий хуулийг ЭНД дарж бүрэн эхээр нь унших боломжтой.