“Солонго-1” нэртэй орлогод нийцсэн төрийн орон сууцны хороолол баригдахаар болсон билээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболдоос тодрууллаа.
-БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр орон сууцны шинэ хороолол баригдахаар болжээ. Орлогод нийцсэн гэдэг утгаараа иргэд их сонирхож байна. Хичнээн айлын орон сууц, хаана баригдах вэ?
-Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” компанийн хооронд орлогод нийцсэн “Солонго-1 орон сууцны хороолол” барих төслийн гэрээг сая байгууллаа. Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зурсан байгаа. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1,2″ орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажлаа гэсэн үг.

Байршлын хувьд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд баригдана. Нийт 17.5 га талбайд 5002 айлын орон сууцны хороолол барих төсөл гараанаас гарч, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр боллоо.

-Солонгосын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр энэ хорооллыг барина гэлээ. Зээлийн нөхцөлийн талаар сонирхуулахгүй юу. Хэзээ ашиглалтад орох вэ?

-БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих юм. Хугацааны хувьд 40 сарын хугацаанд барьж байгуулахаар гэрээнд тусгасан байгаа.
-Орон сууцны үнэ өртөгийн хувьд хэд орчим төгрөг байхаар яригдаж байгаа вэ. ТОСК хариуцаад явах уу?

-Мэдээж иргэдийн орлогод нийцсэн төрийн орон сууц учраас зах зээлийн ханшаас бага байна. Бодит үнийг одоо хэлэх боломжгүй. Хороолол ашиглалтад орсны дараа үнэ ханш тодорхой болно.

-Ипотекийн зээлийн санхүүжилт зогсоод багагүй хугацаа өнгөрлөө. Хэзээнээс олгож эхлэх вэ. Энэ тал дээр танай яамны зүгээс ямар бодлого баримталж байгаа юм бол?

-Ойрын хугацаанд ипотекийн зээлийг Засгийн газар авч хэрэгжүүлэх шийдэлд хүрэх нь ойлгомжтой гэж харагдаж байгаа. 2022 оны хувьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад ипотекийн зээл харьцангуй бага олгогдсон. Хагас жил хүртэл хэвийн явагдаж байгаад ипотекийн зээл олголтын асуудлыг төв банкнаас Засгийн газар шилжүүлж авахтай холбоотой процессын улмаас саатсан тал байгаа. Удахгүй есдүгээр сараас хэвийн болгох тал дээр нь анхаарна. Ер нь гуравдугаар улиралд багтаачих юмсан гэсэн бодолтой байгаа. Яагаад гэвэл дөрөвдүгээр улиралд төсөв ярих учраас тэр үед бидний шийдэл тодорхой болсон байх ёстой.

-Түрээсийн орон сууцны талаар ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Ойрын жилүүдэд төрийн нийт 8000 айлын орон сууц барьж байгуулна. Үүний 5002 айл нь “Солонго 1, 2” хороолол юм. БНСУ-ын зүгээс энэ орон сууцыг барьж байгуулахдаа иргэдийн тав, тухад бүрэн нийцэх чанартай орон сууцыг цаг хугацаандаа ашиглалтад оруулна гэж амлаж байгаа. Төслүүд амжилттай хэрэгжихэд яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, барилгын материал татан авалт хийхэд саадгүй явуулна. Манай яам Төрийн орон сууцны бодлого боловсруулж, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох хүрээнд БНСУ-ын Эдийн засаг, санхүүгийн яам, тус улсын Газар, орон сууцны корпораци, Экспорт, импортын банк зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “KSP-мэдлэг хуваалцах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Монгол Улсын түрээсийн орон сууцны бодлогыг сайжруулах уулзалт хэлэлцээрүүд явуулсан. “Монгол Улсын түрээсийн орон сууцны бодлогыг сайжруулах” чиглэлээр БНСУ-ын төслийн багийн гаргасан зөвлөмжийг танилцуулж, хэрэгжүүлэх чиглэлээр талууд санал солилцсон. Зөвлөмжийн хувьд Төрийн орон сууцны бодлого, санхүүжилтийн тогтолцоо, түрээсийн орон сууцны нөхцөл байдал, эрэлт болон нийлүүлэлт зэрэг олон чиглэлээр явуулсан судалгааны үр дүнд суурилж, боловсруулсан. Үүнд нэн шаардлагатай хууль, эрх зүйн зохицуулалтууд, бага болон дунд орлоготой иргэдийн орлогын чадамжад нийцсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх асуудлууд тусгагдсан. Тухайлбал, газар чөлөөлөх болон газрын төлбөрийн асуудлыг хуулиар зохицуулах ёстой гэж байна. Мөн түрээсийн орон сууцны нэгдсэн төлөвлөгөө батлуулахаас гадна төсөл хэрэгжүүлэгч ТОСК, НОСК-ийн статусыг сайжруулж бэхжүүлэх, тус байгууллагуудын үйл ажиллагааг хуулиар зохицуулахыг зөвлөсөн. Түрээсийн орон сууцны төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийг төрийн зүгээс татварын болон бусад бодлогоор дэмжих. Төрийн орон сууцны сан байгуулах.

Тус сан нь арилжааны банкны зээлийн хүүгийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний хямд хүүтэй зээл олгох. Түрээсийн орон сууцны нэг төрлөө 4-5 төрөл болгож өргөжүүлэх. Түрээслэх хугацааг уртасгаж, төлбөрийн өөр өөр төрөл бий болгох зэрэг бодлогын зөвлөмжүүдийг танилцуулсан.