Сүүлийн үед сошиал суваг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус төвийн байрыг сургууль болгох гэж байгаа мэтээр мэдэгдэл гарсантай холбоотойгоор  байр сууриа илэрхийлж, ХҮН намд мэдэгдэл хүргүүлж буйгаа "Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв"-өөс мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд: "Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв нь хараагүй иргэдийг тохирох ажлын байраар нь хангаж, нэгдсэн зохион байгуулалтаар хөдөлмөр эрхлүүлж, нийгмийн харилцаанд оролцоход нь бүх талын дэмжлэг үзүүлэх газар.

ХҮН намын гишүүн Н.Энхчимэг нь сүүлийн үед цахим сувгаар болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийгэмд илт худал мэдээлэл түгээж байгууллага хамт олны нэр хүндэд халдах боллоо.

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод сургууль цэцэрлэгийн асуудал хүнд байгаа нь үнэн боловч үүгээр далимдуулан харааны бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, бусдын адил нийгмийн харилцаанд оролцох эрх үүргийг үгүйсгэж тэднийг дорд үзэн балмад авирлаж байна. Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн ИХТ-ийн дарга ХҮН намын гишүүн Н.Энхчимэгт хариуцлага тооцож, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, хөгжлийн төвийн хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйлгах, цаашид иймэрхүү асуудалд анхаархыг хүсэж байна" " гэсэн байв.

 

Мөн хэвлэлийн хурлын үеэр тус төвийн төлөөлөл:

"Энэ ярианаас болж хараагүйчүүдийн үйлдвэр гэж хэнд ч хэрэггүй юм шиг сэтгэгдэл төрж байна. Энхчимэгээс арай олигтойхон төлөөлөгч байсан бол манай үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг хөөцөлдөөд явж байх байсан.

Гэтэл үйлдвэрийн нэг байрыг авна гэж ярьж явна.  Хараагүйчүүдийн төв рүү ингэж дайрч байсан удаа байхгүй. Маш балмад явдал. Ингэж улс төр хийхгүй. ХҮН намынхаан, хүн шиг байцгаа. ХҮН засгийн эрх баривал лав Монголын хараагүйчүүд гудамжинд гарч, гуйлгачин болох юм байна" гэсэн юм.