Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс(БНАЛАУ)-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханыг Улсын Их Хурал(УИХ)-ын дарга Г.Занданшатар өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан эрхэмсэг ноён Сайсумпон Фумвихан хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.  

Үүний дараа тэдний албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.