Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, дарга нарын эхнэр дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Тиймээс төрийн байгууллагын суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгож, иргэдийн хяналтад оруулна хэмээн ЗТХ-ийн сайд мэдээлж байв.

Тэгвэл эдгээр цэнхэр дугаартай тээврийн хэрэгсэл нь дугаарын хязгаарлалтад хамрагдах эсэх талаар ТЦА-наас тодруулахад "Төрийн байгууллагын цэнхэр дугаартай тээврийн хэрэгслийг хязгаарлалтад хамруулахгүй гэсэн чиглэл байхгүй.

Өнөөдрийн байдлаар улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж байгаагаас тээврийн хэрэгслийн дугаар цэнхэр дэвсгэртэй эсэх нь хамаарахгүй.

Харин нийслэлийн Засаг даргын захирамжид тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хязгаарлалтад хамаарахгүй, хөдөлгөөнд оролцоно гэж заасан. Энэ дагуу цэнхэр дэвсгэртэй улсын дугаартай түргэн тусламжийн машинд хязгаарлалт хамаарахгүй.

Төрийн албаны машиныг ялгахын тулд л улсын дугаарыг цэнхэр дэвсгэртэй болгох сайдын тушаал гарсан" хэмээн тайлбарлалаа.

Наймдугаар сарын 29-ний байдлаар төрийн байгууллагын 117 тээврийн хэрэгсэл цэнхэр дэвсгэртэй дугаар авчээ.