Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор АН-ын Тэргүүн Дэд Дарга С.Баярцогт болон дэд дарга нарын төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв.

Энэ үеэр АН-ын Тэргүүн Дэд Дарга С.Баярцогт: "Улс орны түүхэнд гунигтай бас гайхамшигтай түүхэн үйл байдаг. Дэглэм өөрөө тоталитари байх юм бол хэлмэгдүүлэлт байнга гарч байдаг. Монгол улсын нэн шинэ түүхэнд 1922 оноос эхлээд ардчилал тогттол хэлмэгдүүлэлт маш ихээр гарч байсан. 1937 оны 9-р сарын 10-нд хамгийн ихээр хэлмэгдүүлсэн байдаг.

Тэр өдрийг хүндэтгэж ардчилсан хүчин анх удаа засгийн эрх барихдаа 1996 оны 8-р сарын 29-нд УИХ-ын 33-р тогтоол гаргаж ард түмнээсээ уучлалт гуйсан. 9-р сарын 10-ны өдрийг "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгосон. Үүнийг Монголчууд бид мартаж болохгүй.

Учир нь хэлмэгдэлт бий болдог гэдгийг мартаад, санахгүй болчих юм бол энэ үйл явдал давтагддаг. Хэдийгээр ардчилал тогтсон ч ардчилал өөрөө маш эмзэг. Хүний хамгийн энгийн эрх болох амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гадаадад чөлөөтэй зорчих, шашин шүтэх энэ эрхүүдээ эдлэх ёстой. Ардчилал өөрөө маш эмзэг, үргэлж тордож байхгүй бол эргээд бид алдаад эхэлдэг.

Яг энэ байдлаар нь аваад үзвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө залуучууд хэлмэгдэж эхэлж байна. Тийм учраас Монголчууд бид хэлмэгдэгсдийн өдрөөр зөвхөн хэлмэгдээд өнгөрсөн хүмүүсээ дурсах биш, ардчиллын суурь зарчим, хүний эрхийн суурь зарчмуудаа хүндэтгэж хамгаалж байх ёстой. Ардчилсан нам үүн дээр хатуу байр суурьтай байж, ард түмнээ хамгаалах гол багана нь болж чадна гэдгийг хэлмээр байна." гэлээ.

www.sonin.mn