Газар тариалангийн бүс нутагт ажиллаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзахдаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Нүүрсний хулгай гэж зөндөө л зүйл болж байна. Зарим нэг хоригдсон хүмүүс ХЭҮК-т хандсан байна билээ. Авлигачид баригдаад ирэхээрээ л учир зүггүй хүний эрхийн мэдрэмжтэй болдог юм. Хүний эрхийг тэгтлээ хүндэлдэг байсан  юм бол яагаад авлига хийв гэдэг асуудал үүсч байгаа юм. Харин авлига өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил. Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг хулгайлдаг, замыг чанаргүй болгодог, төсөвт орох байсан мөнгийг хувьдаа ашигладаг. Тиймээс олон асуудлыг Засгийн газар ил болгож байгаа. Үүний үр дүнд 2023 онд Монгол Улсын төсвийн орлого анх удаа 1.7 их наядаар давж биелсэн" гэсэн юм. 

Түүний ийн хэлэх болсон нь “Нүүрсний” гэх дуулиант хэрэгт яллагдагчаар татагдан, Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т хандсан нь олны хараанд өртөөд байгаа билээ. Тэрбээр ХЭҮК-т хандсан захидалдаа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулалттай шаардлага, захиалгаар Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо… Цор ганцаараа улс төрийн хоригдол болж, есөн сар хоригдож байна” гэх ноцтой зүйлүүдийг бичсэн байсан юм.  Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг булаадаг. Авлигачид бидний замыг чанаргүй болгодог" гэж хариу барив. “Нүүрсний” гэх энэ дуулиант хэргийн шүүх хурлын товыг тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэрбээр шүүгч нараас татгалзах болсон үндэслэлээ "Намайг нүүрсний бус чирдэг жорлонгийн хэрэгт буруутган, яллаж байгаа. Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэргээс нэг нь ч шүүхэд ирээгүй. Би АТГ-т бүгдийг хэлсэн, дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө үлдчих юм уу. Надад үгээ хэлэх ганц арга нь энэ байна” гэж мэдэгдсэн юм.