“Болдоггүй портуна” ганцаарчилсан тоглолт хийж улстөрчдийн эгдүүцлийг хүргээд байгаадаа ч тэр үү, эс бөгөөс хийсэн нь зэмлүүлдэг гэдгээр ямартай ч хэвлэлийнхний үгийн зугаа болж байгаа. Эдийн засаг хөгжлийн сайд Батбаярын өмнө, хойно нь  хийсэн үйлдэл ямар ч байсан гаргасан шийдвэрийнх нь хамгийн сайн нь гээд хэлчих ганц ажил байна. Магадгүй сайдын бус яамны мэргэжилтэн дарга нарын санал санаачлагаар ч байж мэдэх энэ ажлыг “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байнгын үйл ажиллагаатай болох нь ээ гэдгээр нь ард түмэн сайн мэдэх болов.

Ард түмэн, бизнес эрхэлгчдийн дуртай байгаа гэж. Ам муутай байгааг одоохондоо л хараагүй, сонссонгүй. Олигтой бүтээн байгуулалтгүй хоосон талбай руу асар майхан, чингэлэг, байшин гээд юу байгаагаа л тийшээ чирч харагдсан. Бүтээлцчих юмсан, амьдарчих юмсан гэх бизнес эрхлэгчдийнхээ энэ их хөдөлмөр,  зориглож хөдлөх үйлдлийг нь мохоож л болохгүй дээ чөлөөт бүсийнхэн.  Тэгвэл тэд эргээд хэзээ ч итгэхгүй. Бүр гомдчихоно.

Бүтэн арван жилийн турш “худлаа ярьж явсан” гэх тодотголтой энэ бүсийг ингээд нэг л өдөр нээгдчих юм гэж хэн санахав. Газар эзэмшигчид нь бүтээн байгуулалтаа ч хийхгүй, хил гааль нь үүд хаалгаа ч нээхгүй хүнд байсан байсан. Гэхдээ өнөөдөр хаалт боолтон дундаас цойлоод л гарав гэлтэй хилийн үүдийг нээлээ, оросууд визгүй зорчих нь ч гэх шиг сайхан сайхан мэдээнүүд дуулдаад л байна. Ер нь шууд хэлэхэд зоригтойгоор ингэж хөдлөх хүн ганц Алтанбулагт биш Монгол Улсад нэг биш нэлээн хэд гараад ирвэл эдийн засаг эргэлтэнд орж, сөхөрч унах шахсан ард түмэн сэхчих юм биш үү. Хэрэв зээ “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн энэ сайхан эргэлтүүд эрчээ алдахгүй цаашилбал монголын минь сан хөмрөг аривжин тэлж, эдийн засгийн мөнхийн том хөдөлгүүр зогсолтгүй эргэх суурь нь тавигдаж байна гэж ойлгогдохоор. Гэм нь хаа нэгтэйгээс хэн нэгэн их мэдэгч эрх ашгаа бодоод ч тэр үү, эсвэл болсон болоогүй хууль яриад эхэлбэл ямар ч сайхан ирээдүй үүл мэт замхарч, тамын тогоондоо бид эргээд л унах вий дээ.