Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо (АЭХ)-ны ерөнхийлөгчийг сонгох дээд чуулганыг зохион байгуулах талаар Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийв.

Энэ үеэр Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогтоос өөртэй нь холбоотой гараад буй асуудлуудын талаар асуухад дараах тайлбарыг өглөө.

"Монгол Улс ардчилсан үндсэн хуулиа батлахдаа гүйцэтгэх, хууль тогтоох засаглал, шүүх эрх мэдлийг тэнцүү хувиарласан. Энэ тэнцүү эрх мэдэлтэй байгууллагууд нэгнийгээ шүүх байдал бий болох юм бол Монголд ардчилал үгүй болно. Шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бидний хэргийг шүүсэн нийслэлийн прокурор болон анхан шатны шүүх дээр ялласан шүүгч авлигын хэргээр ял авсан. 

"Эрх мэдлийн хонгилоор гурван давхарт ялын бодлого нь төлөвлөгдөн шийдэгдэж байна" гэж Х.Нямбаатар сайдын хэлж байсан нь бодитой үнэн зүйл. Энэ бүгд ил тод болно. Монголын шүүхээр дөрвөн түвшинд ороод энэ асуудал хилс хэрэг байсан нь шийдэгдсэн. Би ганцхан газар шалгагдаагүй Монгол, Швейцар, Хонконг, Австрали зэрэг улсуудад шалгалтад ороод гарсан. 

Үндсэн хуулийн цэц, Сахилгын хороо, Авлигатай тэмцэх газар зэрэг бүх шатандаа шалгагдсан. Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс нь маш ойлгомжтой. Манай хуучин ерөнхийлөгчийн зүгээс зохион байгуулалттайгаар хийдэг. Яг манай намын үйл ажиллагаа идэвхжих үеэр л дайралтуудыг хийдэг. Хэн яаж бичиж түгээж байгааг нь харж байгаа байх. 

Би удахгүй өөрийн фэйсбүүк, твиттер, инстаграм, тик ток хуудсыг нээж гараад буй асуудлуудад цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл өгч байх үүднээс олон нийтийн сүлжээг идэвхтэй хэрэглэнэ. 

Учир нь С.Баярцогт гэдэг хувь хүний асуудал биш Ардчилсан намын тэргүүн дэд дарга учраас намтай шууд холбогдоно" гэсэн юм.