Мөрөөдлөө биелүүлэхийн тулд жүжигчин болсон тэрбээр “Маш нууц”,  “Single ladies”, “Амьдралд тавтай морил”, “Хайрын эрэлд”, “Тэнгэрээс буусан од” зэрэг дэлгэцийн олон дүрээрээ олны талархлыг хүлээсэн жүжигчин. Үүний сацуу “Ромео Жульетта” жүжгийн Жульетта, “Гамлет”-ын Офелиагийн дүрийг амилуулж, хэр чадалтай, чансаатай жүжигчин гэдгээ харуулж байлаа. Өдгөө О.Дөлгөөн Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрд тоглоод дэлхийн театрын тайзнаа гялалзаж явна.

Одхүүгийн Дөлгөөн 1991 оны VI сарын 5-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр 2012 онд төгссөн. Тэрбээр ажлын гараагаа “Мөрөөдлийн театр”-аас эхлүүлсэн.

Түүний тоглосон анхны кино нь “Нэг хоёрын гурваа”. Тайзны анхны уран бүтээл нь “Миний нууц хүү” жүжиг. СУИС-д сурч байхдаа “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” олон ангит киноны гол дүрд тоглон, олонд танигдаж байв. 

 

Жульеттагийн дүрээр “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн өнөөгийн цагийн эрэлттэй эмэгтэй олны танилуудын тэргүүн эгнээнд жагсдаг билээ. Тэр фото моделийн ажлыг тун сайн гүйцэтгэдэг. Энгийн ба ихэмсэг төрхийг ч гайхалтай гаргадгийн тод жишээ нь эдгээр зургууд юм.